Хэрээ уул

Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс зүүн урагш 60 км орчим зайд Халхголын баруун эрэгт оршдог. Археологийн салбарт Хэрээ уулын суурин гэж нэрлэгдсэн дунд чулуун зэвсгийн үед хамаарах олдворыг 1967 онд малтсан. Хөрсний 4 үе давхаргын 3 үе нь чулуун зэвсгийн соёлт давхаргад хамаардаг. Цахиураар хийсэн говийн үлдэц, ялтсан залтасаар хийсэн гөвгөр иртэй дөрвөлжин хусуур, хар занарлаг хутга буюу хянгар, ирлэсэн ба ирлээгүй гурвалжин хэлбэрийн том жижиг хутган ялтаснууд, хугадас маягийн эдлэлүүд олсон. Хэрээ уулын суурин нь Монголын олдсон хамгийн анхны дунд чулуун зэвсгийн үед хамаарах суурин гэдгээрээ онцлогддог. Хэрээ уул нь Монголын зүүн хилийн заагт оршдог бөгөөд оройд нь монголчуудын бөө мөргөлийн шүтлэгийн тоогоор буюу 13 чулуун овоо засаж тахисан байдаг. Уулын оройд гарч эргэн тойрон буюу зүүн хилийн зурвас, Халх Нөмрөгийн дархан цаазат газрын байгалийн үзэсгэлэнт тогтоцыг харах боломжтой.