Гүн Галуутай

Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт байх байгалийн үзэсгэлэнт, тусгай хамгаалалттай газар нутаг. Аяга, Байц, Сүмбэр, Бэрх гэх мэт хадат уулс, Их ба Бага гүн хэмээх жижиг нуурууд, Галуутай, Шинэ булаг хэмээх горхинууд, Монголд томоороо 2 дугаарт орох Хэрлэн гол урсдаг. Улаанбаатар хотоос 130 км-т оршдог, аялал жуулчлалын ганцхан баазтай, цөөхөн малчин айлтай бүс нутаг юм. Монгол орны талхлагдаагүй үлдсэн онгон байгаль, ан амьтантай нутаг бөгөөд Улаанбаатар хотод хамгийн ойрхон аргаль угалзтай бүс гэдгээрээ онцлог. Галуутайн горхи Хэрлэн голд цутгах хэсэгт нэлээд намагтай боловч шувуудын хувьд бол газрын диваажин мэт газар юм. Энэ хэсэгхэн намагтай газарт эрдэмтэд 100 гаруй зүйл шувуу байгааг тогтоожээ.

Түүхийн хувьд Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн төрсөн нутаг бөгөөд түүний шүлэг яруу найрагт Гүн галуутайн байгалийн үзэсгэлэнг магтсан мөрүүд олон бий.