Цахиуртын хөндийн чулуун зэвсгийн суурин

Монгол орноос олдсон хуучин чулуун зэвсгийн судалгаанд холбогдох нэгэн сонирхолтой дурсгал бол Өвөрхангай аймгийн Богд сум, Өмнөговь аймгийн Булган сумын нутгийн зааг “Цахиуртын хөндий суурин” юм. Ойролцоогоор 10.000 кв.м талбай эзлэх энэ суурин нь газрын хөрсөн дээрээ хуучин чулуун зэвсгийн үеийн эхэн үеийг хамарсан хэдэн зуун мянган дурсгалыг агуулдаг. Он цагийн хувьд асар их өргөн үеийг хамарсан дурсгал бүхий газар юм. Ийм газар Монгол, Төв Ази төдийгүй дэлхийд урьд өмнө тохиолдож байсангүй гэж судлаачид үздэг. Эл сууринг 1995 онд Монгол-Орос-Америкийн хамтарсан “Монголын чулуун зэвсгийн үе” төслийн хээрийн шинжилгээний ажлын үеэр хийгдсэн хайгуулын явцад анх нээсэн.
 
Цахиуртын хөндийн хуучин чулуун зэвсгийн үеийн нээлттэй суурин бүхий дурсгал нь хойд өргөргийн 44010’ 55.1”, өмнөд уртрагийн 102050’ 18.7”-д буюу Говийн Алтайн нурууны зүүн өмнөд төгсгөлийн төв хэсэгт буюу Арц богд, Гурвансайхан нуруудын дундах нам дор газарт орших газарзүйн хувьд элсэн манхан, дов, гүвээ, жалга, гуу, гүн ангал зэрэгцэн оршсон нэлээд сонирхолтой тогтоц ажээ. Энэхүү тогтоц бүхий эл дэвсгэр нутгийн төв хэсэгт шохойн чулуун хурдас дээр тогтон өндөрлөгдсөн нэгэн талбай байгаа бөгөөд түүний дээд тал нь цахиурын төрлийн чулуугаар нэлдээ хучигдсан байна. Хучилт нь зөвхөн дээд хэсэгтээ ч бус түүний хажуу талуудад ч ажиглагдана.
 
Эртний хүн хөдөлмөрийн багаж зэвсгээ хийхэд энэ хөндийн цахиурын төрлийн чулуулаг гол түүхий эд болж байжээ. Энэ нь эндэхийн өнгөн хөрсөн дээрх чулуулаг ямарваа нэгэн байдлаар хүний гараар анхдагч хагаралд орсон байгаагаар нотлогдоно. Чулуун зэвсгийн дурсгалуудын хадгалагдан үлдсэн байдлыг байгалийн их элэгдэлд орсон байдлаар нь гурав ангилан үзэж болно.
 
Байгалийн элэгдэлд орсон дурсгал: Цуулалтаар үүссэн анхны хэсгүүд нь говийн хурц наранд олон үеийг  элээж удаан шарагдахдаа бараг мэдэгдэхгүй, ердийн долгиолог маягийн овгор товгорууд болсон, цохилтын талбай болон нийт гадарга нь чухам ямар дурсгал болохыг нь танихад төвөгтэй дурсгалуудыг оруулан үзэж болно. Энэ бүлэгт хамруулан үзэж буй дурсгалууд нь анхдагч цуулалтынхаа хувьд зэрэгцээ буюу хос зэрэгцээ зарчмаар хийгджээ. Үлдцүүдийн дунд цохилтын нэг талбай бүхий цуулдасны нэг талтай том болон дунд зэргийн үлдцүүд зонхилсон шинжтэй байна. Цохилтын талбайг уг чулуунаас нэгэн томоохон цуулдасыг цуулан авах аргаар бэлджээ. Үлдцээс цуулан авсан ялтас залтасууд нь том, дунд зэргийн хэмжээтэй.
 
Дунд зэргийн элэгдэлд орсон дурсгал: Элэгдлийн дунд үүссэн нүхнүүд нь харьцангуй цөөн тоотой, цуулдаснуудын анхны захууд харьцангуй ялгарч харагдаж буй олдворууд орно. Анхдагч цуулалт нь хөндлөн-тууш, зэрэгцээ, леваллуан зарчмаар хийгдсэн. Хөндлөн-тууш цуулалтын үлдцүүд  нь томоохон хэмжээний зүйлсийг хийхэд зориулагдаж байсан бололтой. Онцлог нь цохилтын талбайг жигд хийж байжээ.
 
Сулавтар элэгдэлд орсон дурсгал: Гадаргад нь элэгдлийн ул мөрүүд дөнгөж үүсэж эхэлж буй чулуун зэвсгүүдийг оруулж болно. Анхдагч цуулалтыг хажуугийн цуулалт хийх зарчмаар хийсэн. Энэ хэсэгт эхний хоёр хэсэгтэй нэгэн адил цохилтын нэг талбайтай, цуулдасны нэг талтай дурсгалууд орж буй бөгөөд үлдэц нь олон цамцаалт /призм/ хэлбэрийн хийгээд говийн хэлбэрийн үлдцүүд болж иржээ. Цохилтын талбайн байдал нь цуулалтыг тойрог маягтайгаар хийсэн нь ажиглагдана.
 
Энэхүү Цахиуртын хөндийд хийсэн судалгааны үр дүнд Арц богдын нуруунаас урагш Гурвансайханы нуруу хүртэл өргөн уужим нутаг дэвсгэрт чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн тархац, суурьшил байсан ба тэдгээрийг нээн илрүүлэх бололцоо бий болжээ. Мөн энэхүү суурин газрын дурсгалыг агуулж буй байдлаар нь "чулуун зэвсгийн үеийн дарханы газар” хэмээн үзвэл хуучин чулуун зэвсгийн сүүл, шинэ чулуун зэвсгийн түрүү үе хүртэлх хугацааны чулуун зэвсэг үйлдвэрлэлийн арга технологийг бүхэлд нь судлах боломжтой.