Элсэн тасархай

Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхан юм. Төв зам элсэн манханг хоёр хувааснаар өмнөд хэсэг нь Монгол элс, хойд хэсэг нь Хөгнө Тарнын элс гэж нэрлэгддэг. Тарнын голын нөлөөгөөр тогтсон элсний чийгэнд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана. Хойд талд нь Хөгнө хаан хэмээх хадат уул, урд талд нь  Их Монгол хэмээх Монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршино. Элсэн толгод нь Тарнын голын эх болох Шарлин, Жаргалант голуудын бэлчир, Их Монгол уулын орчимд хамгийн өргөн буюу 9-10 км тархсан байдаг. Их Монгол элс нь ургамлаар хагас бэхлэгдсэн учир нүүлт хөдөлгөөн харьцангуй бага боловч сүүлийн жилүүдэд малын бэлчээр болгон ашиглаж даац хэтрүүлсэн учраас нүүн шилжих болсон байна.