Гүндгаравлин хийд

Хэнтий аймгийн төв Чингис хотын баруун урд “Хийдийн суурь” гэж нэрлэгдсэн олон овгор шороо, чулуун суурь бий. Энэ нь гурван зуу илүү жилийн шастир түүхтэй Гүндгаравлин хийд оршин байсны ул мөр юм. Халхын Шолой Сэцэнханы (1577-1652) санаачилгаар Хэрлэн голын эрэгт байгуулагдсан энэ хийд зургаан дацан, дөрвөн аймаг, арван дуган, арван дөрвөн сүм суварга, арван жастай, таван зуун хорин ламтай (1930-аад оны байдлаар) байжээ. Сэцэнханы гол хийдийг Манжийн хааны Эебээр засагчийн 17 дугаар (1660) оны цагаан хулгана жил үүссэн баримтыг түүхч Хөдөөгийн Пэрлээ судлан тэмдэглэсэн байдаг.

Гүндгаравлин хийд нь ус элбэг, уудам талбиун хөндийд байрлажээ. Хийдийн ихэнх дуган сүмийг 1950-иад оны дунд үе хүртэл буулгаагүй байжээ. Сэцэн ханы Алтай жан өргөөний хэсэг нь Түвдэнжунай-шадавчойпэллэн хэмээх Чойрын, Гүндгаравлин хэмээх Цогчины, Санагдэчинчойнхорлин хэмээх Жүдийн, Ээвэмдашийпунцоглин хэмээх Дүйнхорын, Шампансойриг-шадавдаржаалэн хэмээх Мамбын, Гунгаасамдан-пэлжээлэн хэмээх Ёгын дацан болон зүүн урд нь Пунцагдэжидлэн, баруун урд нь Гэндэн-пэлжээлэн, баруун хойно Шадавдаржаалэн, зүүн хойно Пунцог-хамцалин аймгуудтай арван дугантай байжээ. Мөн Мянган бурханы, Хангалын гэсэн хоёр дугантай байжээ.

Эл хийдэд Халхын анхны чойр бий болж үүнээс долоон жилийн хойно Богдын хүрээнд чойртой болсон гэдэг бөгөөд нарийн ёс дэглэмтэй хийд байснаараа Халхад алдаршжээ. Мөн хийдээс зүүн хойш Сэцэн ханы Алтай жан, Тахилын байшин, Арын хөх зэрэг хятад маягийн хийцтэй өргөөнүүд байсан байна. Арын хөх гэдэг нь Сэцэн ханд бараалхахаар ирсэн ирсэн манж хятадын буурчийн газар, Сэцэн ханы Алтай жан гэдэг нь ёслолын өргөө ажээ. Алтай жангаас баруун хэсэгт Сэцэн ханы бурхан тахилын дөрвөн барилга байсан байна. Эдгээр барилгын зарим нь үлдсэн агаад өдгөө Хэнтий аймгийн угсаатны зүйн музейд байрладаг. Хэдэн жилийн өмнөөс Гүндгаравлин хийдийг сэргээн модон дуган барьж хурал ном хурдаг болсон тул сонирхон үзэх гадна, дотны жуулчдын хөл тасардаггүй Монголын түүх дурсгалын нэгэн төв болсон юм.