Ширээт цагаан нуур

Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт сумын төвөөс хойш 27 километрт Их Монгол уулын зүүн урд хормойд орших гурван жижиг нуурын нэг. Ширээт цагаан нуур нь элсээр хүрээлэгдэн байх бөгөөд энд гүрвэл гүйлдэж байх нь говийн шинжийг агуулдаг. Мөн ойр орчинд нь шинэс, бургас, хус, хайлаасны төгөл ургаж, хөхөө донгодох нь хангай газрыг төрхийг илтгэдэг. Энэ бага нутагт говь хээр, ой тайга, уулын таг бүс гээд Монголын байгалийн үндсэн бүх төрхийг агуулсан байдаг нь нэн сонирхолтой юм. Ширээт цагаан нуурын эрэг дээр 1639 онд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг 5 настай байхад нь Гэгээн цол өргөмжилж Анхдугаар Богд гэж алдаршуулан түүнд Шар бүст өргөө барьж өгснөөр өнөөгийн Улаанбаатарын суурь тавигджээ. Их Монгол ууланд өндөр уулын арц ургадаг бөгөөд энэхүү арцыг Өндөр гэгээн Занабазар өөрөө аравнайлжээ.