Сөөгтийн агуй

Хэнтий аймгийн Дадал сумын нутаг, Галтайн голын цутгал, Сөөгтийн голын хөндийн баруун гар талд Живхээстэйн голын зүүн салаанд орших хадархаг уулын ар шилд, хүний нүдэнд харагдахааргүй газарт эл агуй оршино. Тус агуйг нутгийнхан "Сөөгтийн агуй" хэмээн нэрийджээ. Агуйн урт 72 метр, босоо тогтоцтой аж. Харин ерөнхий хэлбэр нь хүүдий маягтай гэнэ. Энэ агуй нь Монгол нутагт мэдэгдэж байгаа босоо тогтоцтой агуйнуудын хамгийн гүн нь юм. Агуйд анх 1988 онд ШУА-ийн дэргэдэх, Хангай-Говь багийнхан орж хэмжээ, эзлэхүүнийг нь тогтоосон байна. Сөөгтийн агуйг зарим номд "Галтайн агуй" ч гэж нэрлэсэн байдаг.