Хонгорын элс

Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутагт орших бөгөөд Сэврэй, Зөөлөнгийн нурууны араар 180 орчим км үргэлжилдэг элсэн манхан юм. Баруун хойноос зүүн урагш чиглэн үргэлжилсэн, нийтдээ 965 кв.км талбайтай. Элсний хамгийн өргөн нь баруун хойд талдаа 27 км, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Элсний орой дээр гарахад цааш хэдэн зуун манхан толгод үргэлжлэн харагдана. Хонгорын элсний ойр хавийг бүхэлд нь харахад урдуураа хадтай уул, дундуураа ургамал ургах аргагүй элсэн манхан, хойд бэлээр нь гол урсаж ногоорсон баянбүрд харагдах нь тун үзэсгэлэнтэй. Зөөлөнгийн нуруунаас буусан үерийн ус Хонгорын элсний дундуур зам гарган нэвт урсаж хөрсөнд шингээд, элсний хойд захад Сэрүүн булаг, Арганга булаг хэмээх горхийг үүсгэн газар дээр дахин гарч баруун тийш элснийхээ хаяагаар 10 км гаруй урсдаг бөгөөд үүнийг Хонгорын гол хэмээнэ. Байнгын урсацтай гол байхгүй бөгөөд Ёл, Зулганай, Хавцгайт, Гэгээт гэх мэт булгууд бий. Хонгорын гол баянбүрдийн орчинд уулын хүрэн, говийн бор хөрс зонхилдог.

Дуут манхан: Хонгорын элсний хамгийн өндөр хэсгийг Дуут манхан гэнэ. Орон сууцны 9 давхараас ч өндөр сүрлэг харагддаг энэ элсэн манханы оройд нь мацаж гарахад ойр хавийн хүн мал, салхинд хийсэх элдэв юмсын чимээ ч тод сонсогдоно. Орой дээрээс доошоо харахад бэлээр байх машин тэрэг хүртэл өчүүхэн жижиг хорхой мэт харагддаг нь сонин. Элсэн дээр дээш харан хэвтэхэд дүнгэнэн нисэх агаарын хөлгийн чимээ сонсогддог. Хаанаас онгоц гарч ирэх юм бол хэмээн хүлээхэд онгоцны бараа үл үзэгдэх бөгөөд энэ дуу нь элсэн манханы зөөлөн салхины аясаар хийсэх чимээ болохыг мэднэ. Наранд халсан элс салхины аясаар зөөлөн гулсахад энэ чимээ гардаг ажээ. Тийм ч учраас нутгийнхан “Дуут манхан” хэмээжээ.

Хонгорын элсний ар талд хэд хэдэн жуулчны баазууд байрлах бөгөөд тэндээс морь тэмээгээр аялан Хонгорын элс хүрнэ. Ширүүн салхитай өдөр элсэн шуурга дэгдвэл эргэн тойрон нь харагдахгүй болдог тул жуулчны баазууд 5-17 км хүртэл алслан байрладаг. Салхигүй нартай өдөр газарт нэлийтэл дэлгэн асгасан алт шиг гялалзан харагдах Хонгорын элс үнэхээрийн үзэсгэлэнтэй. Элсэн манханаар аялахдаа хамгийн ойр байх толгод дээр эхлэн хажуулдан явж гарах бөгөөд нэг оройгоос нөгөө орой руу толгодын хярыг даган явбал дөхөм болно. Сул нүүдэллэдэг элс учраас эгц авирах боломжгүй, хөл шигдэн амархан ядардаг. Эрт үед Хонгорын элс хавийн заг нэлээд өндөр, шигүү байжээ. Тэрхүү заган дотроос тэмээгээ олдоггүй байсан тухай нутгийн уугуул хөгшид хуучилдаг.

Хонгорын элсний өмнө талаар дүнхийх Сэврэй уулын хаднаа нэлээд олон тооны хадны зураг байх бөгөөд тэр дунд таван янгирын араас хөөж намнаж яваа дөрвөн морьтой анчныг дүрсэлсэн зураг бий. Нум сум нь энгийн хэлбэртэй бөгөөд хүрэл зэвсгийн үеийн нум байж болох юм гэж судлаачид үзжээ. Сэврэй уул нь эмэгтэйчүүдэд ээлтэй, хувь тавиланг нь ивээдэг хэмээн шүтэж ирсэн домогтой тул нутгийнхан “Хатан Сэврэй уул” хэмээн өргөмжилдөг.

Домгоор бол, Эрт цагт говь нутгийн нэгэн ноён ааш муутайгаараа алдартай Сэврэй хэмээх эрх танхи хатантай байжээ. Хатныхаа ааш авирыг номхотгохын тулд түшмэлийнхээ зааснаар алс газар цөлжээ. Уурлаж бухимдсан Сэврэй хатан цэргүүдээр сахиулан алс газар явах замдаа толио шидэж орхитол толь нь олон хэсэг бутарч хагарсны нэг нь ТОЛЬ ХАД-ыг үүсгэжээ. Ааштай хэмээн адалсан ч хайрлаж дассан хатнаа санагалзсан ноёнтон Толь хаданд ирж хатныхаа царайг хардаг байсан учраас хожим уг хадны урдхан талд НОЁН хэмээх уул болон хувирчээ. Сэврэй хатан өдөр бүр гуниглаж голын эрэг дээр очоод гил хар гэзгээ самнан санааширч суудаг болжээ. Харгалзан ирсэн цэргүүд дотроос Хонгор гэдэг баатар эр хатны гуниглан суухыг өрөвдөн харсаар сэтгэл алдран дурлажээ. Хонгор баатар бүхнийг умартан хамтын амьдралаа шинээр эхлэн энэ нутагт эзэн сууя хэмээн хичнээн ятгавч Сэврэй хатан Хонгор баатрын үгийг үл тоон улам ихээр гуниглан дуу аялдаг байжээ. Тэгсээр олон жил өнгөрч, Толь хад ч сааралтан бүдгэрч, Хонгор баатар хайртай бүсгүйнхээ гол руу очдог замын гишгэсэн газар болгоны чулууг зөөллөсөөр ХОНГОР хэмээх элсэн манхан болж хувирсан гэдэг.