Хавцалын амны буган хөшөө

Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн төвөөс доош Баянцагаан голын хөндий рүү баруун талаас орж ирсэн жижиг амыг Хавцалын ам гэх бөгөөд энд эртний нэгэн буган хөшөө бий. Эл хөшөө нь 2.2м өндөр, 52 см өргөн, 44 см зузаан, түүний ар, өвөр хоёр талын дээд хэсэгт тус бүр нэг нэг цагираг (нар) урласны нүүрэн талынх нь доороос иш мэт цацраг зураастай, түүнээс доогуур хөшөөг тойруулан нэг эгнээ олон жижиг хонхор гарган цохижээ. Хөшөөний төв хэсэгт арван бугыг толгойгоор нь хөшөөний орой руу харуулан урнаар загварчлан дүрсэлжээ. Бугануудын доогуур бүс гаргаж хөрөөний ир мэт хээлж, чинжаал хутга зүүсэн байдалтай агаад хөшөөний ард бүсний тушаа бамбай урлажээ.