Баянцагааны адагийн буган хөшөө

Архангай аймгийн Ихтамир сумын нутаг Хойд тамир, Баянцагаан хоёр голын уулзах бэлчир дэнжид эвдэрч сүйдсэн том чулуун булшны дэргэд есөн буган хөшөө байдгаас зарим нь ихэд эвдэрч, бүгд анхны байрнаасаа хөдөлжээ. Хойд захаас эхлэн дугаарлаж авч үзвэл,

1-р буган хөшөө. Энэ буган хөшөөг саарал өнгийн гантиг чулууг сайтар засаж хийсэн бөгөөд 2.52м өндөр, 77см өргөн, 25см зузаан хэмжээтэй. Дээд хэсгийн нүүрэн талд дугуй цагираг (нар), нумласан зураас (сар), ар талд нь том жижиг хоёр дугуй түүнээс доош хөшөөг тойруулан нэг эгнээ олон жижиг хонхор цохиж гаргасан. Хөшөөний дунд хэсэгт амьтдыг загварчлан дүрслэх сонгодог аргаар есөн бугын толгойг нь хөшөөний орой руу хандуулан дүрсэлжээ. Эдгээр бугын доогуур хөшөөг тойруулан 12см өргөн бүс цохиж гаргаад хөшөөний ар талд нь байлдааны сүх, урд нь чинжаал хутга, хажууд нь бамбай (дотроо нэг жижиг дугуйтай таван талтай эдлэлийн дотуур нь оройн шовгортой зэрэгцүүлэн тагнай маягаар зураас гарган хээлжээ) зэрэг зэр зэвсгийн зүйлийг зүүсэн байдлаар дүрсэлжээ.

 

2-р буган хөшөө. Энэ хөшөөнөөс 1.10м урт, 45см өргөн, 30см зузаан хугархай үлдсэн, түүн дээр загварчлан урласан ганцхан бугын цээжний дүрс байгаа нь муухан мэдэгдэх ба бусад хэсэг нь эвдэрч сүйджээ.

 

3-р буган хөшөө. Энэ хөшөөний 80см урт, 33см өргөн, 28см зузаан оройн хэсэг байгаагийн нүүрэн талын дээд хэсэгт том, жижиг хоёр дугуй цагираг (нар, cap) дүрслээд доогуур нь хөшөөг тойруулан нэг эгнээ олон жижиг хонхор гаргажээ. Түүний доор хөшөөний ар, өвөр хоёрт нэгдэх хөшөөн дээр урласан шиг нэг буга дүрсэлсний зөвхөн цээжин хэсэг нь үлдсэн.

 

4-р буган хөшөө. Энэ хөшөө нь 1.85м өндөр, 45см өргөн, 24см зузаан бөгөөд маш их эвдэрсэн учир түүний дунд хэсэгт дүрсэлсэн 8.5см өргөн бүс нэг бугын их биенээс бусад нь мэдэгдэхээ больжээ.

 

5-р буган хөшөө. 71см урт, 47см өргөн, 34см зузаан хугархай үлдсэний дээрх дүрс зураг нь бүгд эвдэрч сүйдэж мэдэгдэхээ больжээ.

 

6-р буган хөшөө. Улаан өнгийн гантиг чулууг засалгүй хийсэн 1.65м урт, 65см өргөн, 22см зузаан хэмжээтэй бөгөөд нүүрэн талд дөрвөн буга, ар талд хоёр бугыг загварчлан бамбайн хамт цохиж урлажээ. Бугыг дүрсэлсэн арга барил нь нэг дэх буган хөшөөн дээрхтэй ижил.

 

7-р буган хөшөө. Саарал өнгийн гантиг чулууг сайтар засаж хийсэн 3.62м өндөр, 52см өргөн, 50см зузаан хэмжээтэй, нүүрэн талын дээд хэсэгт дугуй цагираг (нар)-ыг доош нь хоёр салаалсан тууз цацрагтай унжуулан дүрсэлжээ. Дугуй цагирагийн доогуур хөшөө тойруулан голдоо олон жижиг дөрвөлжин товгортой хонхор цохиж гаргасан. Эх биеийг тойруулан долоон том буга, тэдний доогуур хөрөөний ир шиг хээтэй өргөн бүс гаргаж, бүсний доор хоёр жижиг буга, чинжаал хутга зэргийг дүрсэлсэн.

 

8-р буган хөшөө. Саарал өнгийн гантиг чулууг сайтар засаж хийсэн 3.9м өндөр, 42см өргөн, 41см зузаан хэмжээтэй, нүүрэн талынхаа дээд хэсэгт дугуй цагираг (нар),  их биеийг тойруулан ямар ч хээгүй бүс гаргаж бүсний дээр байлдааны зээтүү маягийн зэвсэг дүрсэлжээ.

 

9-р буган хөшөө. Саарал өнгийн гантиг чулууг засалгүй хийсэн 2.58м өндөр, 96см өргөн, 17см зузаан хэмжээтэй бөгөөд нүүрэн талын дээд хэсэгт дугуй цагираг (нар), доор нь нум (сар), түүнээс доош дөрвөн буга, дөрвөн янгир, нум сум, дугуй тамга, өөр нэгэн тамга, чинжаал хутга, зүүн хажууд нь хойно хойноос нь цувуулан есөн янгир, баруун хажуугийн доод хэсэгт бамбай, ар талын дээд хэсэгт иштэй дугуй цагираг (нар) түүнээс доош их биен дээгүүр таван буга, байлдааны зээтүү зэргийг дүрсэлжээ.