Жаргалантын буган хөшөө

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг, Хануй голын хөндийд Жаргалант уулын бэлд орших аварга том хиргисүүр, түүний хэдэн зуугаар тоологдох тахил, тайлгын байгууламж, 28 буган хөшөө бүхий томоохон цогцолбор дурсгал бий. Хэмжээний хувьд хамгийн том, бүтэц зохион байгуулалтын хувьд өвөрмөц дурсгал юм. Анх 1960 оны орчимд тус дурсгалыг судалж эхэлсэн бөгөөд 1989 – 1991 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан экспедици буюу Т.Санжмятав, В.В.Волков нарын удирдсан судалгааны баг археологийн малтлага хийж шинжлэх ухааны үүднээс нарийвчлан судалжээ. Дараа нь 2009 оноос Монголын соёлын биет өвийг хамгаалах нийгэмлэгийн санаачилгаар “Хануйн хөндий” төслийг боловсруулж АНУ-ын ЭСЯ-ны Соёлын өвийг хамгаалах хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн билээ. Тус төслийн хүрээнд тухайн үеийн техник, технологийн бололцоо, ажиллах хүч, санхүүгийн нөөц боломжинд хязгаарлагдан зарим гүйцэтгэж чадаагүй судалгааг гүйцээж хийжээ.  Тухайлбал, цогцолбор дурсгалын нарийвчилсан дэвсгэр зургийг хийлгэж, гэрэл зураг, хэв хуулгыг авч, түрэгийн үеийн тахилгын онгонд ашигласан буган хөшөөд болон он цагийн уртад анхны байрлал нь алдагдсан, унасан, хугарсан буган хөшөөдийг сэргээн засварлаж босгосон нь чухал ач холбогдолтой томоохон ажил болжээ.

Буган хөшөөдын дүрслэл нь маш уран нарийн хийцтэй бөгөөд буга, согоо, эрээн бар зэрэг ан амьтдын дүрслэл, элдэв хээ чимэг бүхий бүс, түүнээс агссан хутга, нум сум тэргүүтэй олон төрлийн зэр зэвсгийн гоёмсог дүрснүүд бий. Хэмжээний хувьд 1-4 метр орчим өндөр, ойролцоогоор 0.5 – 4 тонн хүртэл жинтэй асар том хөшөөд юм.

Жаргалантын амны эл цогцолбор дурсгалын зүүн захад эртний хоёр булш бий. Энэ булш нь цогцолбор дурсгалын зүүн захад орших бөгөөд судлаачид урд талд нь ганц буган хөшөөний өчүүхэн хэсэг цухуйж байсныг сонгон малтлага хийжээ. Буган хөшөөг малтах явцад дөрвөлжлөн барьсан ханатай асар том дурсгал илэрч хойд ханыг хоёр, урд ханыг нэг буган хөшөөгөөр, баруун ханыг хавтгай чулуугаар хийсний хамгийн хойд захын хананд дугираг дүрс сийлсэн байсныг илрүүлсэн.

Хойд хананы хоёр буган хөшөө газрын хөрснөөс 10-16 см гүнд булагджээ. Хоёр буган хөшөөний нэг нь 198 см өргөн, 21 см зузаан хэмжээ бүхий бөгөөд түүнд буга, ургамлын сэдэвтэй зураглал, тамга, бүс, таван өнцөгт бамбайг дүрсэлсэн байна. Хоёр дахь нь түгээмэл тохиолдох зураг дүрслэлтэй буган хөшөө бөгөөд хэмжээ нь 220 см өндөр, 29 см өргөн, 26 см зузаан болно. Булшны зүүн хананд 208 см өндөр, 36 см өргөн, 32 см зузаан жирийн буган хөшөөг мөн оролцуулжээ.

Урд хананд мөн л хоёр буган хөшөө засаагүй чулуугаар хийсний буга, бүс сийлсэн хугархай хэсгийн өндөр 152 см байжээ. Нөгөө буган хөшөө нь 345 см өндөр, 52 см өргөн, 30 см зузаан бөгөөд өвөр талд нь нар, сар, таван буга, бүс, хутгыг сийлжээ. Хөшөөний хоёр хажуу талд олон жижиг хонхорхой, ар талд нь 12 буга, сүх, бусад багаж зэвсгийн зүйлсийг сийлжээ. Он цагийн хувьд Жаргалантын буган хөшөө нь нийт буган хөшөөний дурсгалтай дүйцэх бөгөөд тэдгээрийг дөрвөлжин булшинд ашигласнаас харахад НТӨ YI – Y зуунд хамааруулан үзжээ.