Хөшөөтийн хадны зураг

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Шаварын нурууны урд бие, Хонгиогийн голын хойд хөвөөнд орших дөрвөн жижиг уулыг Хөшөөт гэнэ. Эндэхийн хаднаа эрт үеийнхэн янгирын дүрсийг ганц хоёроор нь энд тэндгүй цоолборлосон байдаг. Эдгээрийг ажиглангаа судлаачид эндээс дөч гаруй хүн амьтан болон ан хийж буй байдлыг дүрсэлсэн зурагтай нэгэн том хад илрүүлжээ.
 
Уг хадны төв хэсгийн дээд талд урт сүүлтэй, амаа ангайн давхиж яваа амьтны эх биеийн гадна тэгийг хөвөөлж гаргаад, бас янгир, чоно хоёрын дүрсийг бөх талбайгаар нь цоолборложээ. Тэр амьтны араас хоёр морьтой хүн хөөж явна. Арынх нь морьтой хүн нарийн өндөр цээжтэй бөгөөд толгой, гарыг нарийвчлан дүрсэлсэнгүй. Харин хөл нь морины цээжнээс доош унжсанаас үзэхэд зайдан бололтой. Морь нь хар хурдаараа давхиж байна. Эхний хүн мөн морио зайдан унаж нум сум онилон амьтны араас харвахыг завджээ. Шовх хоншоортой гутал өмсжээ. Морьтны доор хоёр янгир, урт тахирласан сүүлтэй чоно, өөр нэг амьтныг дүрсэлжээ. Зүүн хэсгийн дээд талд нум сум онилсон хоёр морьтой хүн тус бүр нэг янгирыг авлахаар хөөж явна. Баруун талын хүн морио зайдан унаж, нум сумаа онилон харваж буй бөгөөд янгирын ар нуруунд хоёр сум зоожээ. Хамгийн захад янгир хөөж яваа хүнийг нум сумаа агссан, урт сүүлтэй зайдан морь унасан байдлаар дүрсэлсэн байна. Тэр хүний толгойноос ар тийш гэзэг мэт урт зүйл хийсжээ.Тэдний доор долоон янгирыг тал талаас нь бүслэн намнаж буй таван морьтныг харуулжээ. Морьтой хүмүүс бүгд зайдан, нум сум онилсон аж. Эдгээрээс доош арваад янгир, гөрөөс буга зэрэг амьтдын дүрс сийлжээ. Эдгээр зургийг он цагийн хувьд төмөр зэвсгийн түрүү үед буюу Х.Т.Ө VII-III зуунд холбогдоно гэж судлаачид үзсэн.