Бичигт булагийн хадны зураг

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвөөс 40-50км зайд гурван талаараа уулаар, нэг талаараа голоор хүрээлэгдсэн Бичигт булаг хэмээх нутаг бий. Голын доод дэнжид эрэг рүү түрж орсон хаднаа улаан зосоор зурсан хэдэн арван зураг байдаг. Анх 1961 онд угсаатан зүйч Т.Бадамхатан нээн илрүүлж шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан бөгөөд дараа нь судлаачид хуулбар хийж судалгаа хийсэн.
 
Тус хадны зурагт хүний дүрсийг олноор зурсан байдаг бөгөөд тэдгээрийн дотор урт хөлөө алцайн зогсоод нэг гараа унжуулж нөгөө гараа тохойгоороо нугалан өргөсөн хүний сонирхолтой дүрс байдаг. Дээд талаар нь хоёр хөндлөн зураас татаж, хоёр дугуй толбо, шувууны дүрс зурагдсан. Шувууны дүрсний хажууд дээд тал нь онгорхой дөрвөлжин хүрээн дотор арван цэг зурсан байдаг. Доод талд нь нэг гартаа саваа мод барьж нөгөө гараа хажуудаа байгаа морь руу сунгасан байдалтай хүнийг дүрсэлжээ. Эдгээрийн баруун талд нэг морь, гар гараасаа хөтлөлцсөн гурван хүнийг хөлийг нь алцайлгасан байдалтай зурсан байх ба доор нь мөн тийм хоёр хүнийг дүрсэлжээ. Баруун захад нь нохой, амьтад, янгир, шувууны зураг байна.
 
Мөн эл дурсгалд ар араасаа явж байгаа янгир руу хоёр талаас нь нум сум онилж байгаа хоёр хүн, өөр нэгэн хүний зураг, хөлийг дөрвөлжин хэлбэртэй дүрсэлсэн янгир мэт тамга, хэрээ тэмдэг, цуварч зогссон дөрвөн амьтан, хоёр янгир руу нум сум харваж байгаа хүн, янгир, гараа алдлан зэрэгцэн зогссон хүний дүрс, тэгш өнцөгт хүрээ бүхий цэгнүүд (түүний дээд өнцөгт толбо, хэрээс зэргийг дүрсэлсэн), дөрвөн амьтан, нэг буга, эдгээрийн баруун талд хүн, хэрээс тэмдэг, тоймлон зурсан амьтан, зэрэгцээ хоёр хүний дүрс, дотроо цэг бүхий дөрвөлжин хүрээ, түүний дотор гар гараасаа барилцсан хүмүүсийн дүрс, бас цуваа цэг бүхий дөрвөлжин хүрээ, зүүн талд нь хоёр хүний дүрс, таван хэрээс тэмдэг, ан амьтдыг тус тус зурсан байна.
 
Монгол орны зарим аймгийн нутгаас түгээмэл олддог хүрэл зэвсгийн үеийн улаан зосон зурагтай сэдэв, зохиомж, зурсан байдал, хэв маяг нь адил байгаа нь уг хадны зургийг хүрэл зэвсгийн үед холбогдохыг харуулна.