Овоотын суурин ба сууц

Судлаачид Чойбалсан хотоос баруун тийш 9 км зайд орших Овоот гэдэг ууланд 1968 онд неолитын үеийн сууцны ором бүхий сууринг илрүүлэн судалжээ. Хэрлэн голын дэнжээс алгуур 5-7м өргөгдсөн энэ газрын хөрсний тогтолцооны үечлэл дараах байдалтай байжээ. Үүнд: 10-15см зузаантай ургамал бүхий өнгөн хөрс, түүний доор сууцны нүхийг бөглөсөн 30-80см зузаан бараан өнгийн сайн ялзмагт элсэнцэр хөрс байсан. Дараагийн хөрс нь сууцны ёроолын үлдэгдэл буй хөрс бөгөөд бага зэргийн ялзмагтай саарал өнгийн давхаргатай хөрс байв. Энэхүү саарал хөрс нь маш эртний эх газрын хөрс (неолитын үеийн) болохыг илэрхийлдэг.

Сууцыг баруунаас зүүн тийш 8.2м урт, 6.4м өргөнтэй, зууван дөрвөлжин хэлбэртэйгээр хийсэн нь мэдэгддэг. Сууцны шал төвдөө ялимгүй хотойсон боловч үндсэндээ тэгш байсан. Сууцны дотор гал голомтын ор мөрний үлдэц гурав байсан нь илэрсэн. Тэдгээрээс цуулж авсан нарийн хутган ялтас, зуулга ир олноор олдсон. Мөн түүнчлэн хэд хэдэн төрлийн хусуур, зүсүүр, хаш зэвсэг (хусуур-хутга), ооль хэлбэрийн хусуур зэвсэг олджээ. Сууцыг малтах явцад шатсан байдалтай чөмөг, хавирга зэрэг амьтны яс, ясаар хийсэн багаж зэвсгийн зүйлс олдсоноос гурван шөрөгтэй, хурц шовх үзүүртэй загас агнадаг шөрөгт жад олдсон нь сонирхолтой. Эл шөрөгт жадыг сайтар зүлгэж өнгөлжээ.

Мөн сууцны шалан дээрээс 8см голчтой, дугуй ширхэгтэй элсэрхэг шавраар хийсэн үйрэх нь амархан нимгэн ханатай шавар ваарны хэлтэрхий олсон ба тэдгээрийн гадна талд эрчилсэн утасны ор мөр, дардас хээ байжээ.