Хавтгар ОНТХГ

Байгалийн үзэсгэлэнт Хавтгар орон нутгийн тусгай хамгаалалттай газар нь Хэнтий аймгийн Батширээт сумын Барх, Онон багийн нутаг дэвсгэрийг дамнан УБ хотоос 420 км зайтай оршдог. Хавтгарын бүс дэх байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, зэрлэг ан амьтныг хамгаалах, өсөн үржих таатай нөхцөлийг бүрдүүлэх, аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор орон нутгийн иргэдийн санаачлагын дагуу 2003 оны 2-р сарын 12-нд Батширээт сумын ИТХ-ын шийдвэрээр орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Хамгаалалтын менежментийг нутгийн иргэдийн оролцоотой байгуулагдсан “Хавтгар Ширээт” ТББ хариуцан ажилладаг бөгөөд нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 104936 га юм.

Хавтгар нь Хан Хэнтийн дархан цаазат газартай хил залгаа орших бөгөөд 2017 оны 10-р сард Батширээт сумын ИТХ-ын тогтоолоор Хавтгарын хилийн цэсийг шинэчлэн тогтоож, хуш ба нарсан ойн нөөцийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтад байх хугацааг 20 жилээр сунгасан. 2017 оны хавар Хавтгарын бүсийн ойн хөхтөн амьтдын зүйлийн бүрдэл, тархац, байршил нутгийг тодорхойлох, тоо толгойг гаргах судалгааг Баянгол, Билэгт, Барх гэсэн чиглэлээр бүсчлэн зохион байгуулжээ.