Арц богдын чулуун зэвсгийн суурин

Монгол орны хуучин чулуун зэвсгийн үеийн томоохон дурсгалын нэг нь Өвөрхангай аймгийн Богд, Өмнөговь аймгийн Булган сумын зааг нутаг Арц Богдын нурууны зүүн үзүүрийн 12км урт, 8км өргөн талбайд шигүү тархсан улаан хасан төрөл бүрийн зэвсэг багаж бүхий баялаг олдвортой дарханы суурин юм. Уг дурсгалыг анх 1961 онд А.П.Окладников, Н.Сэр-Оджав нарын удирдсан Монгол-Зөвлөлтийн хамтарсан шинжилгээний ангийнхан илрүүлэн олж, 1969 онд туршилтын малтлага судалгаа хийжээ. Хуучин чулуун зэвсгийн дунд үеэс эхлэн шинэ чулуун зэвсгийн эцэс хүртэл тус сууринд хүн оршин сууж байсныг гэрчлэх зэвсгийн зүйлс газрын гадарга дээр их хэмжээгээр байхаас гадна малтлага судалгааны явцад өнгөн хөрснөөс нэлээд гүнд ч үргэлжлэн гарсан байна. Гэхдээ гадаргын өнгөн хөрсөн дээр ил байгаа эдлэлүүдийн дийлэнх нь шинэ чулуун зэвсэгийн үеийн арга техникийг илэрхийлдэг бол доод давхаргаас гарсан олдворууд нь бүхий л шинж төрхөөрөө хуучин чулуун зэвсгийн үеийнх болох нь тогтоогджээ.
 
Арц богдын суурин дарханы газар нь нэн эртний хүний чулуугаар зэвсэг багаж хийх арга барил хэрхэн хөгжсөн, түүхий эд материалаа яаж сонгож, ашиглаж байсан зэрэг чулуун зэвсгийн шат дараалсан хөгжлийн шинж төрхийг бүрэн илтгэн харуулж чадахуйц гайхамшигт дурсгал юм. Хамгийн сонирхолтой нь эндээс улаан өнгийн хас чулууг ашиглаж нэг болон хоёр талаас нь ирлэсэн чоппер, чоппинг буюу хугадас зэвсэг олсон нь ийм төрлийн зэвсгийг зөвхөн голын том хайрган чулуугаар дагнан хийдэг бус тухайн орон нутгийн бэлэн материалаар мөн үйлдэж чаддаг байсныг гэрчлэх баримт болж өгчээ.
 
Арц богдын сууринг нээн илрүүлснээр тухайн бүс нутгийн чулуун зэвсгийн хүмүүсийн тархац, суурьшилыг тодруулах бололцоог олгосон ажээ. Учир нь сүүлийн жилүүдэд Монгол-Орос-Америкийн хамтарсан чулуун зэвсгийн шинжилгээний анги энэ бүсэд хайгуул судалгаа хийж хэдэн зуун мянган дурсгалыг агуулсан хуучин чулуун зэвсгийн доод үеэс эхлэн шинэ чулуун зэвсгийн үеийг хамрах Төв Ази төдийгүй дэлхийд ховор сууринг илрүүлэн судалж байгаа юм.