Галуутын хавцал

Баянхонгор аймгийн төвөөс 75 км, Галуут сумын төвөөс баруун тийш 20 орчим км-т оршдог аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг юм. Олгой нуураас Галуут гол урсан гарахдаа 2 км орчим урт энэ хавцлыг үүсгэжээ. Хавцал нь 100-150 орчим метр гүнзгий эгц цавчим бөгөөд өргөн нь дунджаар 10 метр орчим болно. Ийм давчуу хавцлаар энэ голын эрчлэн хуйларсаар урсан өнгөрөх хүч, дөмгийг төсөөлөн хэлэх аргагүй. Энэ хавцлын эгц хажуугийн хад чулуунд үүссэн ялимгүй тавцангууд дээр хаврын цагт усны шувууд өндөглөдөг. Усны шувуудын өндөгийг хавцлын дээрээс өнгийн харахад ширээн дээр цагаан будаа цацсан мэт цайран харагдах нь үнэхээр сонин. Гэрэл зураг сонирхогчдын болон  шувууны аялалд гойд нийцнэ.