Тэнгис, Шишгэдийн ай сав - Байгалийн цогцолборт газар

Байгалийн унаган төрхөө харьцангуй сайн хадгалсан, аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломж бүхий байгалийн өвөрмөц хослолтой, түүх, соёл, угсаатны зүйн өлгий нутаг юм. Засаг захиргааны нэгжийн хувьд Хөвсгөл аймгийн Цагаан нуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумдын нутагт хамрагдана.  Энэхүү нутаг нь Тэнгис, Шишгэд, Шарга голуудын сав газрыг хамрах ба баруун болон хойт талаараа улсын хилтэй давхцаж, зүүн талаараа Хөвсгөлийн байгалийн цогцолборт газартай, өмнө талаараа Дархадын хотгор, Үрэн Бус, Хөгийн голын сав газартай тус тус хиллэнэ. Газрын  гадарга нь тогтцын хувьд нэлээд өвөрмөц, уулс нь өндрийн агууриг ихтэй, хажуу нь ихэвчлэн эгц учраас өндрийн ялгаа богино зайд өөрчлөгддөг бөгөөд ян сарьдаг бүхий уулсад уулын тагийн дэнж үүсч хэд хэдээрээ үелэн тогтсон байдаг. Гадаргын хувьд ян сарьдаг бүхий өндөр уул нурууд, тэдгээрийн хооронд орших голуудын хөндий хосолсон тогтоцтой нутаг юм. Энд Саяны нурууны зүүн төгсгөл болох далайн түвшнээс дээш дунджаар 2500-2800 метр өргөгдсөн өндөр уулс хамрагдах бөгөөд хамгийн өндөр оргил нь 3163.6 м өндөрт оршино.
 
Байгалийн муж, бүсийн төлөөллийн хувьд өндөр уул, уулын тайгын бүслүүрт багтах ян сарьдаг, тайгын өндөр уулс, хотгор бүхий баруун Хөвсгөлийн дэд мужид хамрагдана. Хөвсгөлийн баруун хэсэг нь Алтай, Саяны газарзүйн  их мужийн дорнод төгсгөл юм. Тэнгис-Шишгэдийн сав газар нь Хөвсгөлийн баруун хэсгийг хамрах дорнод Саяны мужийг төлөөлөх нутаг гэж үзэж болно. Тэнгис - Шишгэдийн  сав газар нь газарзүйн байрлалын хувьд Зүүн Саяны уулсын нэгэн адил уулын тундр, нугат хээр, тайга хосолсон өндөр сүрлэг уулс, хур цас, хад асга, цонж,  мөстлөгийн нуурууд, дээд намаг, түргэн урсгалт голууд, гүн хавцал, хөндий нь байгалийн  өвөрмөц хослол үүсгэдэг. Иймд Тэнгис - Шишгэдийн сав нутаг нь ерөнхий төрхөөрөө Хэнтийн тайга, Орхон - Сэлэнгийн ой хөвчөөс төдийгүй Хөвсгөлийн зүүн хэсгээс ч ялгаатай. Энд уулсын үнэмлэхүй  өндөр төдийлөн ихгүй ч (ихэнх уулс нь 3000 метрээс үл хэтэрнэ) гэсэн харьцах өндөр ихтэй хад асга бүхий нүцгэн сарьдагууд олшрох тул ой тайга нь бүсийн шинжтэй бус, зөвхөн бүслүүр үүсгэх байдлаар тархсан онцлогтой. Уулс нь Улаан тайга, Мунгараг тайга, Жошмын тайга гэх мэт тодотголтой нэртэй хэдий ч хад асгат ян сарьдаг, хаг - хөвдөт уулын царам, ой тайга голлосон нутаг билээ. Экосистемийн төлөөлийн хувьд өндөр уулын ян сарьдаг 4,1%,  уулын тундр 64,8%, уулын тайга 17,3%, голын нуга 15,8%-ийг тус тус эзэлнэ.
 
Тэнгис - Шишгэдийн сав нутгийг БАЙГАЛИЙН ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭР ХАДГАЛАХ БҮС  гэж тодорхойлсон бөгөөд үзэмж төгс байдлын хувьд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхэд нэн тохиромжтой. Тухайлбал, тайгын сүрлэг уулс, үзэсгэлэнт хавцал хөндий, уулын тунгалаг гол, горхи, рашаан ус, өндөр даваа, өргөн их намаг, уулын зөрөг зам, аадар бороо, тэнгэрийн дуу, аянга цахилгаан, элдэв төрлийн жимс, жимсгэнэ, вансэмбэрүү, хонин арц зэрэг ховор ургамал, хүдэр, халиу, булга, буган цаа, хандгай зэрэг амьтдаар баян.

Энэ бүсэд дархан цаазтай болон ховор ан амьтдаас аргаль, янгир, ирвэс, баавгай, буга, буган цаа, хандгай, булга, суусар, хүдэр, зэрлэг гахай, шувуудаас алтайн хойлог байран амьдардаг. Эдгээр амьтад нь байршил нутгийн хувьд өөр хоорондоо харилцан нэвтрэлцэж тархсан хэдий ч нягтшил нь төдийлөн их биш. Агнуурын ач холбогдолтой 19 зүйл хөхтөн амьтад байдгаас одоогийн байдлаар цөөвөр чоно, цоохор ирвэс бараг устаж суусар, булга, голын халиу, алтайн чацуулин, буган цаа, аргаль, янгир нэлээд ховорджээ. Бүсийн амьтдаас онцгойлон хамгаалах амьтан бол буган цаа (зэрлэг цаа) юм. Буган цаа нь Тэнгис, Шаргын голын эх, Өртөн хярх, Тээр Тураг, Хар Бяран, Хоёр Агая, Шишгэдийн сав дагуу тааралдах бөгөөд энэ нь Ази тив дэх зэрлэг цаа бугын тархалтын хамгийн урд захын нутаг болно.  Сүүлийн жилүүдэд зэрлэг цаа тоо толгойн хувьд эрс цөөрч одоо зөвхөн Жолог, Жамс, Догойлор, Хар Бяран, Шаргын эх, Тээр тураг зэрэг газруудад цөөн тоотой тааралдах болсон. Шишгэд голын ганц баялаг болсон тул загас нь зах зээлийн системд шилжин орсноос хойш эрс цөөрч устах аюулд хүрсэн.

Тэнгис - Шишгэдийн сав нутаг нь ургамлын зүйлийн бүрдлээр баялаг. Ховор мод болох жодоо нь Жошим, Хэлтэг, Түлэгтаг, Өртөн хярх, Жамс, Жолог, Бусын голуудын эхэнд ургадаг. Ховор үнэт ургамал болох вансэмбэрүү ихэнх сарьдагуудын оройд ургана. Мөн хонин арц, алтан гагнуур, удвал цэцэг зэрэг эмийн ургамал болон хад, нэрс, үхрийн нүд, улаалзгана, аньс зэрэг жимс жимсгэнэ элбэгтэй.

Сүүлийн жилүүдэд  дэлхийн жуулчдын урсгалыг ихээхэн татаж буй энэ нутгийг байгалийн аялал жуулчлалын гол бүс нутаг болгон хөгжүүлэх өргөн боломж байгаа бөгөөд нутгийн оршин суугчдын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, цаашилбал үндэсний орлогыг нэмэгдүүлэхэд ч ихээхэн дөхөм үзүүлэхийн зэрэгцээ хэт дураараа сэлгүүцэх “зэрлэг” жуулчдыг зохион байгуулалтад оруулах таатай нөхцөл бүрдэхээс гадна аяллын замнал, жуулчдын отоглох газруудыг тогтоож, холбогдох хууль, журмын дагуу эмх журамтайгаар байгаль хамгаалагчдын хяналтын дор гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай.