Хөвсгөл нуур - Байгалийн цогцолборт газар

Хөвсгөл нуур, түүний сав газар, Эг, Үүр голын эх, Зүүн Соёны усан хагалбарын хэсгийг хамарсан нийт 838100 га газар нутгийг Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 31 дүгээр тогтоолоор “Байгалийн цогцолборт газар”-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байна.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр зэрэг сумдын нутгийг дамнан, Мөрөн хотоос хойш 101 километрт оршино. Хөвсгөл нуур нь уртрагийн дагуу сунасан тектоник гаралтай хотгорт тогтсон гонзгой зууван хэлбэртэй, 2760км.кв талбайтай, 34-36км өргөн, 136км урт, 262м гүн нуур бөгөөд д.т.д 1645м өндөрт оршдог. Эргийн шугамын урт 414км үргэлжилдэг. 380 шоо км усны нөөцөөр дэлхийд 14 дүгээрт, Ази тивд 2 дугаарт ордог. Монголын гадаргын цэвэр усны нөөцийн 93.6 хувийг, дэлхийн цэнгэг усны нөөцийн 1 хувийг өөртөө агуулдаг. Хөвсгөл нууранд 46 гол горхи цутгадаг ба нийт 5300км.кв талбайгаас усжина. Ганцхан Эгийн гол эх авч урсана. Урсгал хурдтай, булингар бүхий олон гол горхи цутгадаг боловч нуурын ус маш тунгалаг, усны тунгалагшилт нь нуурын төвд 24.5 метр, гол горхины цутгал болон эрэг хавьд 14.3 метр хүрдэг.  Нуурын ёроолын талбайн 70% нь 100 метрээс илүү гүн байдаг. Хөвсгөл нуур тун гүнзгий учраас зуны богино хугацаанд алгуур халж зөвхөн 50м хүртэлх өнгөн хэсэг нь бүлээсэх бөгөөд усны гадаргын температур 18 градусаас хэтэрдэггүй, Монгол орны хамгийн хүйтэн устай нуур юм.

Хөвсгөл нуурыг 1910-аад оны үеэс усан замын тээвэрт ашиглаж ирсэн бөгөөд түүний эдийн засгийн ач холбогдол бусад нуураас давуу юм. Хөвсгөл нуур орчмын нутаг нь Монголын аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг бөгөөд өвлийн улиралд нуурыг түшиглэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж байна.

Газарзүйн онцлог: Хөвсгөл нуурын ай сав газар нь уулзүйн хувьд хойгуураа зүүн Соёны уулс, өмнөд хэсгээрээ Хангайн салбар уулс, баруун талаараа Тувагийн уулсын салбар, зүүн талаараа Байгалийн салбар уулсын хооронд газар хөдлөлтөөс үүссэн хонхорт оршдог. Физик газарзүйн мужлалаар Хангай-Хэнтийн уулархаг их мужийн Хөвсгөлийн мужид багтдаг өндөр өргөгдсөн уулархаг нутаг юм.

Хөвсгөл нуурын баруун хэсэг д.т.д 2500 – 3000м өндөр өргөгдсөн, шовх оройтой Хорьдол сарьдагийн нуруу, Баяны нурууны эгц хажуугаар хүрээлэгдэж, цавчим хавцал, гуу жалгаар хэрчигдсэн байдаг. Харин нуурын зүүн талын хэсэг бэсрэг уулын хэв шинжтэй, ихэнх уулын оргил 2000м хүрэхгүй, модоор хучигдсан бөмбөгөр оройтой уулс зонхилно. Хөвсгөл нуурын зүүн өмнөд хэсэг ихэнхдээ намхан гадаргуутай, нуурын усны төвшнөөс дээш 200 – 400м өргөгдсөн байдаг. Хөвсгөл нуурын ай савд хамгийн өндөр цэг нь Мөнх-Сарьдаг уулын Бүрэнхаан оргил бөгөөд д.т.д 3491м, хамгийн нам дор газар нь д.т.д 1645м орших Хөвсгөл нуурын усны мандал юм. Хөвсгөл нууранд Модон хүй, Хадан хүй, Далайн хүй, Бага хүй гэсэн 4 арал бий. Эдгээрээс хамгийн том нь  Далайн хүй арал бөгөөд усны мандлаас 126м өндөр, 3км урт, 2 км өргөн, 5.8км.кв талбайтай, битүү ой модоор хучигдсан байдаг.  Хадан хүй арал нь өндөр өндөр хясаатай тул шувууд их цугладаг. Модон хүй нь онцгой сайхан байгальтай. Хөвсгөл нуурын баруун талд нь Дархадын хотгорын ай сав оршдог. Дархадын хотгор бол Монголын хамгийн хүйтэн газруудын нэг юм.

Нуурын газарзүйн үүсэл: Хөвсгөл нуурын хавийн нутгийн ул хөрсний хувьсал нь газар үүслийн дөрвөн том эринийг туулсан байдаг.

  • Протерозейн буюу их эртний амьдралын эрин нь 2 тэрбум жилийн тэртээх үйл явц.
  • Дараагийн хурдасны тогтоц нь палеозойн эрин буюу эртний амьдралын эрин.
  • Дараагийн үе 570-350 сая жил үргэлжилж газар бүрэлдэн тогтож эхэлсэн.
  • Дөрөв дэх эрин буюу чулуун нүүрсний үе 350 сая жилийн тэртээ эхэлж 65-75 сая жил үргэлжилсэн бөгөөд энэ үед газар хөдлөлт маш идэвхтэй байсан.

 

Чулуун нүүрсний эриний эхэн буюу кембрийн үед Хатгал, Урандөш, Эгийн гол, Ухаа толгой хавийн нутаг, одоогийн Байгаль нуурын орчин, зүүн ба баруун Соёны нуруу, Тува, Хөвсгөл хавийн нутгийг хамарсан гүнзгий бус усан сан байсан. Энэ эриний девон, чулуун нүүрс, пермийн үед газар хөдлөл, галт уулын идэвхтэй байдлаас одоогийн газарзүйн үүсэл явагдсан. Дараагийн мезозойн буюу дунд эртний амьдралын эрин үед ул хөрс нь чулуулаг царцас байсан ба энэ нь 230 -163 сая жил хүртэл үргэлжилсэн. Кайнозойн эрин нь дунджаар 65 сая жилийн тэртээгээс өнөөг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд ул хөрс, чулуулагийн тогтоц олон үе давхарга болон тогтсон. Хөрсний дээд хэсэг нь хагарал, ан цав ихтэй, харин доод хэсэг нь туйлын нягт ан цавгүй ус үл нэвчих давхарга байсан. Кайнозойн эриний дөрөвдөгч үе нь одоо үргэлжилж байна. Энэхүү дөрөвдөгч үеийн дотор Палеогений үе 42 сая жил, Неогений үе 23 сая жил үргэлжилж, дөрөвдөгч үе нь 2 сая жилийн өмнө эхэлсэн. Дөрөвдөгч үеийг дотор нь мөстлөгийн плейстоцен буюу мөстлөгийн дараах голоцен гэж хуваадаг.

Дөрөвдөгч үед уул үүсэх хөдөлгөөн маш идэвхтэй явагдаж том том уулсын системүүд үүсч хотгор гүдгэр, ургамал амьтан, уур амьсгалын орчин үеийн хэлбэр шинж төрхөнд орсон бөгөөд энэ үйл явц 2-3 сая жилийн турш үргэлжилсэн. Хөвсгөл нуурыг одоогоос 7 сая орчим жилийн өмнө үүссэн, ойр орчмын газарзүйн тогтоц 2-3 сая жилийн турш явагдсан гэж судлаачид үздэг. Хөвсгөл нуур нь эрт төрмөлийн эриний үеийн хагарал дагаж тогтсон насны хувьд Байгаль нууртай ойролцоо бөгөөд тектоник гүн зөрөгт хотост тогтсон уулын нуур учраас эргийн байдал нь их хэрчигдсэн, булан тохой арал хойг, элэгдлийн чулуут эгц дэнж, хадан хясаа элбэгтэй.

Ойн сан, ургамалжилт: Хөвсгөлийн БЦГ-ын хувьд сибирь хушин ой (Pinus sibirica), шинэсэн ой (Larix sibirica), улиангарын ойн формациудаас бүрддэг. Хушин ой нь уулын оргил, дээд биеэр дангаараа буюу шинэстэй холилдон ургадаг. Уулсын д.т.д 1900 – 2000м өндөрт хуш, шинэсэн ой зонхилно. Бүх ойн талбайн 80%-ийг шинэсэн ой эзлэх ба 1645-2300м хүртэл өндөрт ургасан байдаг. Улиангарын ой нь хад асгатай энгэр хажуу, чулуурхаг ан цав хэсэгт төгөл үүсгэж ургасан. Хөвсгөл нуурын БЦГ-ын нийт ойн сан 487642 мянган га бөгөөд 51473090 метр куб нөөцтэй.  

Хөвсгөлийн БЦГ-ын орчимд 69 овог, 262 төрөлд хамаарах 750 зүйл дээд ургамал тэмдэглэгджээ. Эдгээрийн 18 зүйл нь цоргот, 7 зүйл нь нүцгэн үрт, 725 зүйл нь бүрхүүл үрт ургамал юм. Хөвсгөл нуурын эргэн тойронд 200 гаруй эмийн болон ашигт ургамал байдгаас эмийн ургамал 169 зүйл, хүнсний ургамал 35 зүйл, тэжээлийн ургамал 6 зүйл, техникийн ургамал 32 зүйл, гоёл чимэглэлийн ургамал 31 зүйл, ус цэвэрлэгч ургамал 8 зүйл ургадаг.

Хөхтөн амьтан, шавьжны нөөц: Хөвсгөлийн БЦГ харьцангуй олон янзын амьдрах орчинтойгоос хамааран амьтны аймгийн зүйлийн бүрэлдэхүүн олон бөгөөд нэлээд хэдэн зүйл ховор болон нэн ховор хөхтөн амьтны зүйл байдаг. БЦГ-ын орчимд 63 зүйл хөхтөн амьтад амьдардаг.

Үүнээс туруутнаас 4 овгийн 7 төрөлд хамаарах 7 зүйл, туулайтнаас 2 овгийн 2 төрөлд хамаарах 4 зүйл, мэрэгчдээс 5 овгийн 14 төрөлд хамаарах 23 зүйл, махчин амьтны 4 овгийн 11 төрөлд хамаарах 17 зүйл бий. Тус нутагт баданга хүдэр (Moschus), янгир ямаа (Capra sibirica), халиун буга (Cervus elaphus), хандгай (Alcesalces), хүрэн баавгай (Ursusarctos), буган цаа (Ranqifer tarandus), шилүүс мий (Lynx lynx) зэрэг ховор, ховордсон амьтад байршдаг. Эдгээрээс ховорт тооцогдох буган цаа, хярс, хадны суусар, хотны үен, баданга хүдэр, хандгай, хүрэн баавгай, хэвийн өсөлттэй амьтад нь халиун буга, янгир ямаа, чандага, бараан хэрэм, жирх, урт сүүлт зурам, ойн шар үнэг, булга, нохой зээх, цагаан үен, ойн солонго, өмхий хүрэн, дорго, мануул, зэрлэг гахай, бор гөрөөс, саарал чоно, тодорхойгүй буюу бага судлагдсан амьтад нь усч гүрэлзгэнэ, хонин малтаахай, усны багваахай, жижиг соотон багваахай, жижиг соотон багваахай, сахалт багваахай, сархитгана оготно, чигчий хулгана юм. 

МУИС, Эрхүүгийн их сургуулийн хамтарсан “Хөвсгөл хайгуул” төслийн хүрээнд А.Цэндсүрэн, К.Лыкпан нар шавьжны зүй тогтлыг нэлээд нарийвчлан тодорхойлсон. Нийт 430 орчим зүйл шавьж тэмдэглэснээс 42 зүйл нь ойн ургамал сүйтгэх хортон, 28 зүйл нь ойн ургамал хамгаалах ач холбогдолтой шавьж байжээ.

Шувууны зүйл: Бүс нутагт 286 зүйлийн шувууд өндөр уулын, ойн, ойт хээрийн, ус намгийн зэрэг янз бүрийн ландшафт, амьдрах орчноо түшиглэн  түр болон байнга оршин амьдардаг байна. Эдгээрээс “Монголын улаан ном”-нд орсон цэвэр усны эндемик цагаансүүлт нөмрөг бүргэд, явлаг сар, гангар хун зэрэг 7 зүйл нэн ховор шувуу, ЗГ-ын тогтоолоор батлагдсан 9 зүйл ховор шувуу, CITES-ийн хавсралтанд бүртгэгдсэн 41 зүйл нь нэн ховор, ховор шувуудтай бөгөөд нийт бүртгэгдсэн шувуудын амьдрах орчны хувьд ангилж үзвэл 65% нуур, усны эргийн шувууд, 16% нь хээрийн, 19% нь ойн шувууд гэж бүртгэгдсэн.  Шувуу судлаач, ажиглагчдын анхаарлын төвд байдаг хар өрөвтас, хошуу галуу, Алтайн хойлог, явлаг сар, тутгалжин, цагаан сүүл нөмрөг бүргэд, цармын бүргэд, гангар хун, халбаган хошуут, нургийн сойр, цагаан ахууна, шивэр хөтүү, дагуурын ятуу, монгол ногтруу, байгалийн нугас, хээрийн галуу, шар шувуу зэрэг шувуудын төрөл зүйл бий.

Загасны зүйл: Хөвсгөл нуур, түүний цутгал гол, горхинд Сибирь хадран, омуль, зэвэг, улаан нүдэн, алгана зэрэг 9 зүйл загас, 15 овогт багтах 200 шахам зүйлийн ёроолын амьтан байдаг. Ёроолын 69 зүйл планктон амьтан амьдардагаас сэлүүр хөлт хавч 10, салаа сахалт хавч 19, хүрд хорхой 30 зүйл бий. Нуурын усны 0-5 метрийн гүнд планктон амьтны зүйлийн бүрэлдэхүүний 80% нь амьдардаг. Сахалт жараахай, барлан, чимхүүрт зэрэг агнуурын ач холбогдолгүй 3 зүйл загас бий. Хөвсгөл нуур 9-р сарын сүүлчээс эхэлж хөлдсөөр 11-р сарын сүүлийн хагаст бүрэн хөлдөж, 5-р сард мөс ханзрах боловч 6-р сарын эхээр мөстэй байх нь цөөнгүй.

 

Хөвсгөл нуурыг “далай” гэх болсон домог: Манжийн эрхшээлд байх үед монголчууд байгаль, нийгмийнхээ баялгийг татвар гувчуурт шавхан өгч ард түмэн ихэд ядарч байв. Энэ үед нуураас татвар авах шийдвэрийг Манжийн хаан гаргажээ. Нутгийнхан түүнээс мултрахын тулд “Хөвсгөл бол нуур биш далай” гэж маргажээ. Манжийн түшмэлүүд “далай гэж батлах зүйл юу байна” гэхэд нь “Хөвсгөлд 100 гол цутгадаг учраас далай юм” гэж зүтгэжээ. Манж түшмэлүүд “Хөвсгөл нууранд 100 гол цутгадаггүй” хэмээн маргалдаж эцэстээ өдөр товлож гол горхийг тоолохоор болж гэнэ. Монголын талынхан болзоот өдрийн өмнө уул усаа тахин, сан тавьж судар уншуулж аргалснаар зүсэр бороо оруулжээ. Уулын жалга судаг бүхэн гол горхи болон урсаж зөвхөн нэг эргийн хэсэгхэн газарт 100 давсан тул явж тоолох аргагүй болсон ажээ. Энэ тухай Манжийн хаанд айлтган Хөвсгөл нуурыг далай болгоод зогсоогүй татвараас чөлөөлсөн гэдэг.

Хөвсгөл нуур үүссэн домог: Домогт өгүүлснээр, Сүн далайг шалбааг байхад, сүмбэр уулыг дов байхад Хөвсгөл далай гэж байсангүй. Зэрэглээ наадсан тал нутагт тарагны таван хар ямаатай тарчиг зүдүү амьдралтай нэгэн эмгэн, таглаатай худаг хоёроос өөр юу ч байсангүй гэнэ. Нэгэн өдөр эмгэн таван хар ямаагаа усалчихаад худгаа таглахаа мартчихжээ. Гэтэл худгийн ус оргилон оргилсоор тал нутгаас халин амьтан хүнийг живүүлдэгийн даваан дээр нэгэн бяр чадалтай эр гарч ирэн тэртээ алсад сүмбэрлэн харагдах өндөр уулын оройг тасдан шидэж худгийн амыг таглажээ. Их уулсын завсарт эзэнгүй зэлүүд хотгор талд оргилон гарсан тэр их ус Хөвсгөл нэртэй нуур болон тогтож, таслагдан шидэгдсэн уулын орой нуурын дундах Модон хүй арал болж гэнэ. Оройгоо тасдуулсан өнөөх уулын орой хавтгай тавцан шиг болсон тул Уран дөш хэмээн нэрлэгджээ. Гэвч нөгөө худгийн ус таглаагаараа шүүрч нуурын ус ихэссээр байсан тул эмгэн нэгэн амсар гаргаж сэтэлснээр ус гадагш урсан гарч эрэг хөвөөгөөрөө ой хөвч, ургамал цэцэг жигдрүүлсэн үзэсгэлэнт нутгийг бий болгожээ. Эмгэний ийнхүү сэтлэн урсгасан усыг Эгийн гол гэх агаад Хөвсгөл нуураас эх аван урсах цорын ганц гол болсон гэдэг.

Цаатан иргэд: Хөвсгөлийн ай сав газрын тайгад өөрсдийгөө уйгар хүмүүс гэж нэрлэх цаатангууд амьдардаг. Тэдний уугуул нутаг нь Монгол шарын даваа, Шишгэд гол болох юм. Хөвсгөлийн их тайгад 4 улирлын турш цааны бэлчээр даган нүүдэллэж аж төрдөг. Цаатангууд бол тува угсааны монголжсон урианхай нар бөгөөд Тувагаас нүүдэллэн ирж Хөвсгөлийн тайгад суурьшсан гэж түүхчид үздэг. Цаатангууд өөрийн гэсэн хэл, ёс заншил, шашин шүтлэг, аж төрөх өвөрмөц арга барилтай үндэсний цөөнх бөгөөд тэд уйгар хэлтэй. Бөөгийн шашин шүтнэ. Аж төрөх гол арга нь цааны аж ахуй бөгөөд ашиг шимийг нь хүртэж ан гөрөө хийж амьдардаг. Тэд хасах 31-50 хүртэлх  хүйтэн цаг уурын хүнд нөхцөлд амьдардаг. Цаатангуудын хувьд өөрсдийн бичмэл түүх гэж байхгүй, уламжлалт зан заншил нь алдагдаж байгаа гэж судлаачид үздэг. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор цаатан иргэдийн ёс заншил, соёл уламжлалыг олон нийтэд хүргэх, цаа бугын аж ахуйг хөгжүүлэх зорилгоор “Цаатан наадам – 2019” арга хэмжээ Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 8-р сард зохион байгуулагдсан. 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор цаа буга 3130 болж өссөн нь 2006 онд тоолуулсан 814 тоо толгойноос 4 дахин нэмэгджээ. Цагааннуур сумын 2000 хүн амын дотор 755 тува иргэд байдгаас 339 нь баруун, зүүн тайгад цаа маллан, төрөөс тэтгэвэр аван амьдарч байна.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах