Нөмрөгийн Дархан цаазат газар

Халх, Нөмрөгийн сав газар нь Дорнод аймгийн Халхгол сумын нутагт хилийн дагуу Хянганы нурууны баруун хэсгийн нам ба дундаж өндөр уулсын ойт хээр, хээрийн мужид оршдог бөгөөд Халх, Нөмрөгийн гол, бусад олон жижиг гол горхины татам, бургасан шугуйт голын хөндий, ой бүхий бэсрэг уулс, уулсын хөндийн нуга, намгархаг хийгээд элсэн манхан бүхий дов толгод нугачаануудтай байгалийн гайхамшигт тогтоц бүхий нутаг билээ. Энэхүү Монголын зүүн хязгаарын үзэсгэлэнт нутаг болох Хянганы экосистем, Манжуурын гаралтай ан амьтан, дэлхийд ховордсон биологийн төрөл зүйл, онгон зэлүүд байгалийг хамгаалах зорилгоор 1992 онд Улсын бага хурлын 11-р тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авч УИХ-ын 1995 оны 26-р тогтоолоор “дархан цаазат газар” болгосон.

 

 

Нөмрөгийн ДЦГ нь Евроазийн хээрийн мужийн Дагуур Монголын хээрийн хошууны Хянган орчмын уулын тойрогт хамаарна. Харин 1984 онд тогтоосон мужлалаар бол Голарктикийн их бүсийн Евроазийн мужийн Дорнод Азийн уулын ойт хээрийн дэд мужийн Манжуурын хошууны Хянганы уулын нугат хээрийн тойрогт хамааруулжээ. Энэ нь Их Хянганы нурууны захын салбар болох хаяа уулс орчмын нутаг юм.

Нөмрөг болон Дэгээ голын сав газрыг хамарсан Хянганы салбар уулсын ойт хээрийн бүсэд хамрах 311.2 мянган га газар нутгийн байгалийн унаган төрхийг хадгалах, шинжлэн судлах, Хянганы экосистем, Манжуурын амьтан, ургамлын аймгийг иж бүрдлээр нь хамгаалах, зүй зохистой ашиглахтай холбогдсон менежментийн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх зорилгоор Байгаль орчны сайдын 2006 оны 11 сарын 20-ны 238 тоот тушаалаар Нөмрөгийн ДЦГ-ын хамгаалалтын захиргааг байгуулсан.

Газарзүй: Нөмрөгийн ДЦГ нь газарзүйн байршлын хувьд хойд өргөрөгийн 46°10’20” ба 119°56’42” хооронд байрших нийт 311205 га талбай эзлэн оршдог. Нөмрөгийн ДЦГ-ын хилийн цэсийг 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ба хилийн нийт урт нь 242км, үүнээс улсын хилтэй давхцаж буй хэсэг нь 160км юм. Тус бүс нутагт Хянганы нурууны ойт хээрээс Төв Азийн хуурай хээрт шилжих шилжилтийн онцлогийг онгон төрхөөр нь үзэж танилцах боломжтой.

Дэгээ, Нөмрөгийн голыг хамарсан Хянганы салбар уулс нь ойт хээрийн бүсэнд багтах бага талбайтай ч байгалийн мужлалаар бие даасан муж болон ялгагдах байгаль, газарзүйн маш өвөрмөц ховор тогтоцтой нутаг билээ.  Монгол орны байгалийн 3 их мужийн нэг болох Хянганы уулархаг их мужаар дархан цаазат газрын хилийг тогтоосон. Нөмрөгийн ДЦГ-т дундаж өндөр нь д.т.д 1500 метрээс дээшгүй бөмбөгөр оройтой бэсрэг уулс олон байдгийн хамгийн өндөр нь 1504 метр өндөр Соёлз уул юм. Нөмрөгийн сав газарт д.т.д 1000 метр өндөр дэнж маягийн тал газар олон бий. Нөмрөг, Бүр, Галдастай голууд нийлж “Гурван голын бэлчир” хэмээгдэх үзэсгэлэнт газрыг бий болгодог.

Уур амьсгал: Нөмрөгийн ДЦГ нь Монгол орны уур амьсгалын мужлалаар чийглэгдүү сэрүүвтэр зунтай, хахирдуу өвөлтэй уур амьсгалын мужид багтдаг. Уур амьсгалын энэ нөхцөл нь Монголд өөр хаана ч байхгүй бөгөөд Нөмрөгийн энэ онцлог нь Номхон далайн муссоны нөлөөтэй шууд холбоотой хэмээн үздэг. Ихэнх өдөр үүлгүй, нарны гийгүүлэх хугацаа жилд дунджаар 2800-2900 цаг буюу өдөрт 8 цаг орчим байдаг.

Хөрсөн бүрхэвч: Нөмрөгийн ДЦГ-ын хүрээнд хөрсний судалгаа сайн хийгдээгүй боловч Их Хянганы нурууны салбар уулсаар уулын хар шороон хөрс, ар хажуугаар нь ойн бараан, уулын нугын хөрс бага зэрэг, голын хөндийгөөр нугын хар шороон хөрс, голын хагшаа хурдаст намгархаг хөрс тогтворжсон байна. Харин уулын бэл, хормойгоор уулын хар шороон хөрс, нугын бараан хөрс зонхилсон байдаг.

Ойн сан: Хусан ой тархсан бөгөөд өндрийн байдлаар 4 хувааж үздэг. 2-3м өндөр хусан шугуй, 5-8м өндөр өсвөр ой, 10-12м өндөр залуу ой, 15-18м өндөр хөгшин ой гэж хуваадаг. Хусан шугуй, өсвөр ой нь маш шигүү торлог маягтай тул өвсөн бүрхэвч сул байдаг. Залуу ойд сөөгнөөс тахир тавилгана, дагуур тэрэлж, өргөст нохойн хошуу ургана. Алаг өвснөөс дорнодын гүзээлзгэнэ, жавхаалаг башир, сибирь шимтэглэй бага зэрэг үзэгддэг. Хөгшин ойд гол төлөв 15-18м өндөр, 20-25см диаметртэй хус зонхилох бөгөөд сөөгөн ташинга муу хөгжсөн. Өвсөн бүрхэвчинд лабын барагжаа зонхилж, алаг өвснөөс сибирь заяахай, нарийн навчит хөвөн оройт, нугын шимтэглэй, намгийн биелэг өвс голлож оймт ойтой ээлжлэн тархсан. Хадархаг эгц хажуугийн дов бэл, ар хормойгоор улиангарын төгөл толболон тааралддаг.

Ургамалжилт: Нөмрөгийн ДЦГ-т 69 овгийн 493 зүйл гуурст ургамал бүртгэгдсэн. Унаган 1, завсрын унаган 10, эмийн 41, ашигт 29, нэн ховор 15, ховор 21 ургамал ургадаг.  Энэ тойргоос өөр газарт ургадаггүй 57 зүйл ургамал байх агаад тэдгээр нь уг тойргийн үндсэн төрхийг илэрхийлдэг. Хянганы тойргийн ургамлын аймгийг чийгсэг, чийгсүү хуурайсаг, хуурайсаг, намагсаг, усны, хүйтсэг, чулуусаг, давссаг, элссэг ургамлууд гэсэн экологийн үндсэн бүлэгт хуваан авч үздэг.  Тус бүсээс өөр хаана ч байхгүй гэгдэх Валерийн тарна ургаж, цагаан цээнэ, их саадган цэцэг, бавгар үрт агчаахай зэрэг нэн ховор ургамлын зүйлүүд тохиолддог.

 

Хөхтөн амьтан: Нөмрөгийн ДЦГ-т 251 зүйл шувуу, 46 зүйл хөхтөн, 5 зүйл хэвлээр явагч, 5 зүйл мөлхөгч, 24 зүйл загас бүртгэгдсэн байна. Мэрэгч, туулай хэлбэртний 24 зүйлээр тэргүүлдэг. Хандгайн дэд зүйл болох хар мөрний хандгай (Alces alces cameloides) эврийн салаа хэлбэрээрээ бугынхтэй төстэй байдгаараа онцлог. Дагуурын зараа (Erinaceus dauricus), евроазийн халиу (Lutra lutra) зэрэг нь Улаан номонд бүртгэгдсэн. Манжуурын номин (Myospalax psilurus) бол Монголын өөр хаана ч байдаггүй. Харин Дагуур номин (Myospalax spp.) Монголын зүүн болон умар хэсэг өргөн тархсан хэрнээ Нөмрөгийн ДЦГ-т бүртгэгдээгүй байна. Мөн халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, голын халиу, дорнодын мэлхий, зулзагалагч гүрвэл байхаас гадна зарим тохиолдолд хүрэн баавгай гүйдлээрээ орж ирэх тохиолдол байна. Бусад амьтны хувьд хар мөрний цагираг могой, бамбай хоншоорт могой, рашааны могой зэрэг хоёр нутагтан хэвлээр явагчид байдаг. Дорнын заар эвэрт цох, Штубендорфын дэвүүр эрвээхэй зэрэг ховор шавьж тархсан байдаг.

Шувууны зүйл: Нөмрөг, Халхголын сав нутгаар алтан гургуул, хур,  тоодог,  усны нөмрөг бүргэд, усны цагаан сүүлт бүргэд, начин шонхор, идлэг шонхор, амарын шонхор, хар өрөвтас, хөх дэглий, хэд хэдэн зүйлийн нугас, 6 зүйлийн тогоруу, хөхвөр хөөндэй, хургач бор зэрэг нийт 251 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс 181 нь тус бүс нутагт өндөглөн зусдаг байна. Нийт шувуудаас 57 зүйл нь суурин, 206 зүйл нь нүүдлийн шувууд бөгөөд ногоолзой (Spinus spinus), алтан цэгцүүхэй (Acanthis flavirostris), улаан толгойт бужирга (Acanthis flammea), бухын дух бужирга (Leucosticte arctoa), цэвдэгийн ууль (Nyctea scandiaca), тарлан сар (Buteo lagopus) гэсэн 6 зүйл нь Монголд өвөлжиж Сибирьт өндөглөн зусдаг.

 

Загасны зүйл: Нөмрөгийн ДЦГ-т загасны бүртгэл нарийн хийгдээгүй ч Буйр нуур хүртэлх Халхголын ай савд нуурын варлан, лаговскийн варлан, давжаа сугас, морин гүрц, цагаан сэлүүрт гүрц, улаан далбаа, халбаган загас зэрэг 24 зүйл бүртгэгдсэн. Тэдгээрээс сибирь тул (Hucho taiman), зэвэг (Brachymystax lenok), хар мөрний хадран (Thymallus arcticus grubei), хар мөрний сугас (Leuciscus walecki), нүцгэн варлан (Phoxinus phoxinus), морин гүрц (Gobio gobio cynocephalus), цагаан сэлүүрт гүрц (G. Albipinnatus tenuicornis), чимхүүрт загас (Cobitis taenia) нь түрсээ шахах үржлийн үедээ Буйр нуураас Халх, Дэгээ зэрэг голоор дамжин Нөмрөгийн ДЦГ-т орших голуудын эх өөд нүүдэллэдэг. Нөмрөгийн дархан цаазат газарт Монгол орны өөр хаана ч байхгүй монгол хясаа, дагуурын сувдан хясаа тархсан байна.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах