Хагийн хар нуур

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт УБ хотоос зүүн хойш 180 км зайд Сибирийн их тайгын үргэлжлэл Хан Хэнтийн нурууны салбар Бага Хэнтийн нурууны өвөрт Хийдийн сарьдаг, Хүнхэр уул, Асгатын сарьдаг уулсын дунд эргэн тойрон ой мод, ногоон нугаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт нуур бөгөөд уулсын тагтад д.т.д 1817 метр өндөрт оршдог. Хагийн хар нуур руу орсон цутгал гол гадарга дээр ил харагддагүй ч нуурын усны ундарга нь нуурынхаа гүнд буй хэмээн үздэг. Газарзүйн хувьд газар доогуур зүүнээс Хийдийн гол, өмнөөс нь Давааны горхи цутгадаг учраас Хойд мөсөн далайн ай савын загас жараахай элбэгтэй. Нуурын талбай 2.7 км.кв, урт нь 2.5 км, өргөн нь 1.1 км, дундаж гүн нь 11 метр бөгөөд хамгийн гүнзгий газартаа 25 метр хүрдэг. Эргийн зарим хэсгээр захаасаа дөнгөж замагтай ус харлан харагдах нь энэ нуур огцом хөлгүй гүн болохыг илтгэдэг.

Зарим судлаачид дөрөвдөгч их мөстөлтийн үед уулын хурдас, мөнх цас, цэвдэг түрэн орж ирж уулсын ам хөндийг хааж, улмаар эргэн тойрны уулсын мөнх цэвдэг хайлж урсан хуримтлагдаж энэ нуур үүссэн гэж үздэг. Эргэн тойронд нь олон тооны цэнгэг уст том, жижиг нуурууд байдаг бөгөөд хамгийн том нь Хагийн хар нуур юм. Байгалийн үзэсгэлэн төгөлдөр орших тус нуурыг хүмүүс “Тайгын хар сувд” хэмээн нэрлэдэг.

Хагийн хар нуурын орчин нь Монгол орны хамгийн амгалан дагшин газруудын нэг бөгөөд энэ хавийн нутагт буга, хандгай, бор гөрөөс, хүдэр, хүрэн баавгай, чоно, шилүүс, нохой зээх, булга гэх мэт олон янзын зэрлэг ан амьтан амьдардаг.

Хагийн хар нууранд очихын тулд машинаар явж болох газар хүртэл яваад, дараа нь явган эсвэл мориор аялан очдог. Мөн торлог, намаг, том жижиг олон гол горхи, уулын унанги мод гэх мэт байгалийн бартаа саадыг туулах болно. Нуур руу очих хоёр маршрут бий. Горхи-Тэрэлжээр дайрч Туул, Хагийн голыг өгсөн очих, Горхи-Тэрэлжээр дайрч Дунд Баянгийн гол өгсөж Алтан өлгий уулын Хавиргын давааг давж очих маршрут бий. Нуурын эрэг дагуу явган аялал хийж бүтэн тойроход 10-11 км алхана. Мөн эрэг рүү түрж орсон элстэй учир усанд сэлж наранд биеэ шарах боломжтой. Нууранд завиар, эсвэл эрэг дээрээс загасчилж алгана, зэвэг загас барьж болно.

Хагийн хар нуураас зүүн хойш 10км зайд, ойн гүнд Анхдугаар богд Занабазарын байгуулсан Сарьдагийн хийдийн туурь бий. Сарьдагийн хийдийн туурийг түүхэнд тэмдэглэснээр УБ хотын анхны үүсэл Цагаан хот байсан гэх түүхэн баримтууд үлдсэн байдаг. Малтлага судалгаагаар судлаачдын төсөөлж байгаагүй түүхийн үнэт олдворууд олдоод байгаа юм.

Эх сурвалж: Монгол орны лавлах