Задгай театр

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт Их газрын чулууны дэргэд морин хуурч, уртын дуучдын Байгалийн задгай театр байдаг. Аймгийн төвөөс зүүн тийш 90км, Говь-Угтаал сумаас баруун урагш 40км зайд байрлах баруун зүүн, хойд талаараа босоо тогтоц бүхий өндөр хадан хясаануудаар хүрээлэгдэж, урд хэсгээрээ задгай ам байдалтайгаар оршдог. Тайзны диаметр нь 18 метр буюу радиус нь 9 метр бөгөөд газраас дээш 140см. Тайзны урд хэсэгт үзэгчдийн зориулалт бүхий талбайг засаж дээр нь асар байрлуулсан.

 

Энэхүү цогцолбор дээр “Уяхан замбуу тивийн наран” ардын урлагийн наадам, "Туурайн төвөргөөн 2007” олон улсын хөгжмийн наадам, өсвөрийн болон насанд хүрэгчдийн уртын дууны олон улсын уралдаан зэрэг олон арван соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулдаг. 2019 оны Уяхан замбуу тивийн наран ардын урлагийн наадамд 3000 уртын дууч оролцсон бол анхны наадамд Хятад, Япон, Америк зэрэг орны уран бүтээлчид оролцож байжээ. Энэхүү байгалийн задгай театр нь дуу хуурын өлгий Дундговь нутгийн үндэсний уламжлалт урлаг болсон морин хуур, уртын дууны дундаршгүй өв санг хойч үедээ үлгэрлэн үлдээх, дэлгэрүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол бүхий газар ажээ.

 

2006 онд тус задгай театрын дэргэд Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлэх зорилгоор гэрэлт хөшөө босгож, Уяхан замбуу тивийн наран уртын дууны үгийг сийлэн мөнхөлжээ.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах