Хасагт хайрханы дархан цаазат газар

Говь-Алтай аймгийн нутгийн баруун хэсэгт Шарга, Жаргалан сумын нутагт Завхан голын урд биеийг даган орших Монгол Алтайн нурууны салбар том нуруу юм. Уулын төв хэсгийн хавьд ой мод, өвс ургамал ихтэй, буга зэрэг ховор ан амьтантай, үзэсгэлэнтэй сайхан нутаг юм. Хасагт хайрхан нь эгц цавчим хажуутай, хурц шовх оргилтой хоёр зэрэгцээ нуруунаас бүрдэх бөгөөд хойд талыг нь Хасагтхайрханы нуруу, урд талын нурууг Гурван богдын нуруу гэнэ. Хасагт Богд уул, түүний залгаа Дунд Хасагтхайрхан, Зүүн Хасагтхайрхан, Богд, Дунд Богд, Зүүн Богдын нурууд нь гүн хавцал, ам хөндийгөөр олонтоо зүсэгдсэн хадат шовх оргил, байц цохио, үхэр чулуут сайр, мөстлөгийн мөлгөр чулуун дайрга, нуранги асга бүхий Алтайн сүрлэг уулсын дүр төрхийг агуулсан байдаг.

Говь-Алтай аймгийн төв Алтай хотоос 80 Км зайд орших Жаргалан сум нь үзэсгэлэнт уул нурууд дунд оршдог. Хойд талаар нь Хасагтхайрхан уул дүнхийнэ. Энэ уулын орчинд олон төрлийн анагаах увьдастай рашаан хангай говийн хосолмол хөрсөн дээр халуун уур татуулан урсах нь нэн сонирхолтой харагддаг. Монголын их элсний нэгээхэн хэсэг нь энэ суманд байдаг.

Газар зүйн онцлог: Хасагт хайрханы нуруу нь Их нууруудын хотгор руу гүн түрж орсон Алтайн салбар уулсын нэг юм. Алтайн уул нуруудаас Шаргын говь, Хүйсийн говийн уудам хөндийгөөр тусгаарлагдан орших бөгөөд Хангайн уулархаг мужид арай ойр боловч Завхан голын хөндий, Гүзээн-Тээлийн буурц хонхороор тусгаарлагдана. Хасагт Хайрхан уулын дархлагдсан талбай нь Говь-Алтай аймгийн Шарга, Баян уул, Шаргалан, Тайшир сумдын зааг нутагт орших Хасагт хайрхан уулын төв хэсэг, зүүн өмнө орших Цагаан Чулуутын голоос эхлэн баруун хойшоо Өлийн даваа хүртэл 22 км, баруун өмнө орших Өвөр Хоргын голоос эхлэн зүүн хойшоо Улиастайн гол хүртэл шулуунаар 15 км газрыг хамарна.

Хасагт хайрхан уул нь баруун хойноос зүүн урагшаа сунаж тогтсон нуруу бөгөөд баруун хойш Согоотын нуруу, Үетийн нуруу, зүүн урагш Шуургатын нуруу, Хонгорын нуруу, урагш Далангийн нуруу болон намсаж үргэлжилдэг. Харин хойд болон баруун тал руугаа шууд говь болдог. Хасагт хайрханы ноён оргил Хасагт богд уул д.т.д 3578м,  түүний залгаа Дунд хасагт хайрхан 3471м, Зүүн хасагт хайрхан 3540м өндөр, харин Гурван богдын нуруу нь 3340м өндөртэй.

Хасагт хайрхан нь усны сүлжээгээр баян нутаг. Оргилоос нь эх авсан гол горхи нь хавцал хөндийгөөр урсан бэлийн захад хүрч хурдас хөрсөнд шургадаг. Бэлээр нь элсэн говь орших боловч 2200-3000 метрийн өндөрт нь хээрийн бүс оршиж, түүнд 100 км.кв талбайтай ой мод байдаг. 3000 метрээс дээш өндөрт нь тагийн бүслүүр оршино. Ингэж нэг ууланд говийн бүсээс эхлээд хээр, ой тайгын бүс тохиолдох нь ховор юм. Уулын төв хэсэг ой мод, өвс ургамал ихтэй, буга зэрэг ховор ан амьтантай, үзэсгэлэнтэй сайхан нутаг юм.

Геологийн тогтоц: Хасагт хайрхан уул нь Алтайн нурууны дөрөв дэх эгнээ уулс бөгөөд Хантайшир уулын баруун хойд залгаа, дундаж өндөр нь 2600 метр гаруй бөгөөд 80 км шахам үргэжилдэг. Хамгийн өндөр оргил нь Хасагт богд 3578 метр өндөр. Хангай, хээр тал, говь гурван бүсийн ургамал, амьтан хослон оршино. Хасагт хайрханы шохойн чулуу, гантиган уулсад том жижиг агуй хонгил цөөнгүй бий. Хасагт хайрханы ноён оргилууд их төлөв кембрийн түрүү, хожуу үеийн хувирмал занар, цахиурлаг занар, хувирмал элсэн чулуу, мөлгөр хөрзөн, доломит, алевролит, андезит, цагаан занар зэрэг эртний хурдас чулуулагаас голлон тогтжээ. Хасагт хайрханд шохойн чулуу, гантиг чулуун том жижиг агуй хонгил цөөнгүй бий.

Хөрс: Өндөр уулын хээр, уулын хээр ба цөлжүү хээрийн хөрс тархсан. Тагийн бүслүүрийн доод талаас эхлэн шууд уулын хуурай хээрийн хүрэн хөрс залгаж уулын бэл хормой хүртэл үргэлжлээд цайвар хүрэн заримдаа говийн бор хөрсөөр солигдоно. Хамгийн өргөн тархсан хөрс бол уулын хүрэн хөрс юм. Хүрэн хөрс уулын хажуу, бэл, уулс хоорондох хөндий хотгоруудад тархсан төдийгүй тагийн бүслүүрт 3000 метр өндөрт ч тохиолдоно. Энэ хавийн хүрэн хөрс хэт чулуурхаг, нимгэн давхраатай байдгаараа онцлог. Хар хүрэн хөрс тун бага байдаг онцлогтой.

Ургамал: Ургамалжилтын хувьд Монгол Алтайн төвийн ба баруун хойд хэсгийн өндөр уулс нь бушилз, өлөнт ба хүйтсүү хуурайсаг зарим үетэн, элдэв өвст тагийн туж, нугатай хаг хөвдөт царамтай. Төгрөг навчит хус, зэгэл бургас, тошлого навчит бургас, тагийн тавилгана зэрэг намхан сөөгөн ширэнгэ тагийн доод захаар хэсэг хэсгээрээ тохиолдоно. Монгол Алтайн нуруу нь цөөхөн армаг тармаг хэсэгхэн ойтой. Хөрс ургамлын хувьд босоо бүсшил үүсгэнэ. Ар хажуу дагууд нэлээд ойтой. Ойн тархалтын дээд хил 2800 метр өндөрт хүрэх ба нийт талбай нь 100 км.кв юм. Ойд үхрийн нүд, тошлой гэх мэт жимсний бутнаас гадна жамъянмядаг, сэржмядаг, шар яргуй, хөх яргуй, хонхон цэцэг зэрэг ховор эмийн ургамал ургадаг. Мүгэз, авнис, шимэрс, ортууз, хувиланги, алтан гагнуур, холтсон цэцэг, бамбай, сөд, дэгд зэрэг цэцэгт болон өвслөг ургамал элбэг ургадаг. Шинэсэн ой, хус, улиасан төгөлтэй.

 

Хөхтөн амьтан: Хасагт хайрхан уул нь амьтны аймгаар баян. Энэ ууланд Монгол Улсын Улаан номонд орсон халиун буга (Cervus elaphus Linnaeus), аргаль (Ovis ammon Linnaeus), янгир ямаа (Capra sibirica Pallas), цоохор ирвэс (Uncia uncia), хойлог, ирвэс, ёл бий. Мөн ойт хад асгаар шилүүс, цагаан үен, тагуудад цагаан ахууна элбэг тохиолдоно.

Хасагт хайрханы дархан цаазат газарт шинжлэх ухааны үндэслэлтэй, тусгайлан хийсэн амьтны аймгийн судалгаа хомс байдаг. ХААИС-ийн экологийн тэнхим, Ирвэс хамгаалах сан, ШУА, Биологийн хүрээлэнгийн хөхтөний экологийн лаборатори хамтран Монголын “Ирвэс” төвийн санхүүжилтээр 2006 онд Хасагт хайрханы цоохор ирвэс болон түүний идэш бологч янгир ямаа, халиун буга зэрэг амьтдын популяцийн байдал, тархац байршил нутаг, тоо толгойг тогтоож, тэдгээрт нөлөөлж буй сөрөг хүчин зүйлийг тодруулан, хамгааллын үйл ажиллагааны талаар санал зөвлөмж боловсруулсан байна. Мөн 2010 онд ДБХС (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, баруун бүсийн байгаль орчны сургалтын төвөөс Хасагт хайрханы цоохор ирвэс (Uncia uncia. Schreber) янгир ямаа (Capra sibirica. Pallas), халиун буга (Cervus elaphus. Linnaeus) зэрэг амьтдын тархац, байршил нутаг, тоо толгой, шувуудын зүйлийн бүрдлийг тодорхойлох судалгааны ажлыг явуулсан байна.

Хасагт хайрханы нуруу бол цоохор ирвэс хамгийн олон тоогоор тогтвортой байрших боломжтой тааламжтай нутаг боловч ирвэс идэш тэжээлээ дагаж хүн малын нөлөөнөөс дайжин тус нурууны дундаас дээш өндөрт байршиж байгаа нь тогтвортой нутаглан үүрлэх, ангуучлах орон зайг улам хязгаарлагдмал байдалд хүргэжээ. Дунд богд уул, Хойт богд уул, Мөст зэрэг хадан хясаат бартаа ихтэй уулс нь цоохор ирвэсний гол байршил нутаг бөгөөд 2006 оны судалгаагаар 100 км.кв нутагт 2 бодгаль ноогдох нягтшилтайгаар 731 км.кв нутагт 15 орчим цоохор ирвэс байна гэж тооцсон бол 2010 оны судалгаагаар 100 км.кв нутагт 4.7 цоохор ирвэс ноогдох нягтшилтай 210 км.кв нутагт 10-12 цоохор ирвэс байгаа дүн гарчээ.

Цоохор ирвэсний тархац нутгийн захаар малчин айлууд өвөлжиж хаварждаг бол зуны улиралд нэлээн гүн түрэн орж зусах, улмаар зарим айлууд нь намарждаг байна. Үүнээс үүдэн цоохор ирвэсний тархац нутаг нь хумигдаж тоо толгой нь буурах эрсдэлтэй болсон.

Шувуу: Монгол Улсын Улаан номонд тэмдэглэгдсэн ховор болон нэн ховор шувуу гэсэн бүртгэлд цөөнгүй зүйл багтдаг. Тус бүс нутаг  нь Монголын шувуудад чухал газар нутгуудын нэг бөгөөд шувуудын хувьд амьдрах орчны таатай нөхцөл бүрдсэн өвөрмөц газар нутаг юм. 2010 онд хийсэн судалгаагаар 11 багийн 29 овгийн 65 төрөлд хамрагдах 113 зүйл шувууд тэмдэглэгдсэн байна. Тэдгээрийн орших хэлбэр болон амьрах орчны байдлаар ялгаж үзвэл суурин 27 зүйл, нүүдлийн 58 зүйл, өндөглөдөг 50 зүйл, дайран өнгөрдөг 2 зүйл, өвөл ирдэг 5 зүйл, орших хэлбэр тодорхойгүй 2 зүйл тус тус тэмдэглэгджээ. Шувуудын 36 зүйл нь CITES-ийн II хавсралтанд бүртгэгдсэн байна. Тус бүс нутагт бүртгэгдсэн шувуудаас Азийн Улаан номонд орсон бор бүргэд (Aquila clanga), нөмрөг тас (Aegypius monachus), зээрд шонхор (Falco naumanni) гэсэн 3 зүйл шувуу байгаа нь шувуудын хувьд нэлээд онцлог газар юм.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах