Монгол хатадын өргөө

Монголын түүхэн хөшөө дурсгал, байшин барилгад эмэгтэй хүнийг алдаршуулан мөнхөлсөн бүтээн байгуулалт тун ховор учраас энэхүү Монгол хатадын өргөөний утга учир, ач холбогдол нь үнэтэй юм. XIII зууны язгууртан эмэгтэйн богтаг малгайн хэлбэр бүхий тус өргөөнд Монголын түүхэнд дуурсагддаг хатан язгууртай Алунгуа эх, Өүлэн эх, Бөртэ Үжин, Сорхогтани бэхи, Дөргөнэ, Мандухай сэцэн хатан, Ханджамц хатан, Ану хатан, Улсын эх Дондогдулам, Гэнэнпил хатан нарын цээж хөргийг торгон дээр залж, нэр алдрыг нь монгол бичгээр үйлдээд,  өмнө нь хүндэтгэл үзүүлэх олбог сэлтийг зассан байдаг.

  • Алунгуа хатан: Бөртэ Чино, Гуа маралын 10 дахь үеийн удам Добу мэргэний хатан бөгөөд 5 хөвгүүний хамгийн отгон нь болох Боданчар мунхагаас Монголын Боржигон тайжийн удам угсаа үүссэн.
  • Өүлэн эх: Хамаг Монголын хан Есүхэй баатрын хатан бөгөөд Тэмүжин, Хасар, Хачигун, Тэмүгэ нэрт 4 хөвгүүн, Тэмүлэн нэрт охиныг төрүүлсэн. Тэмүжин хөвүүн Хамаг Монголыг Их Монгол Улс болгон тэлж, дэлхийн II мянганы суут их хүний түүхийг бүтээсэн билээ.
  • Бөртэ Үжин: Монголын хоёр дахь их хаан Өгөөдэй нь түүний гутгаар хөвүүн билээ. Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Тулуй хэмээх дөрвөн хөвгүүн, тэдгээрийн залгамжлагч нар 250 орчим жилийн турш ноёрхсон Монголын эзэнт гүрнийг тэлж, дэлхийд нүүдэлчдийн соёлыг түгээсэн билээ.
  • Сорхогтан бэхи: Тулуй ханы хатан Сорхогтани бэхи нь Хэрэйдийн ван хан Тоорилын дүү Жаха хамбугийн охин бөгөөд Тулуй ханд Хүлэгү, Мөнх, Хубилай, Аригбөх нарын 4 хөвүүн төрүүлж өгсөн. Хөвгүүд нь  Монголын эзэнт гүрэн, Юань гүрэн, Эл хаант улсын эзэн хаан сууцгаасан.
  • Дөргөнэ: Монголын 2 дахь их хаан Өгөөдэйн ууган хатан, гурав дахь хаан Гүюгийн эх бөгөөд хүүгээ хаан ширээнд залрах хүртэл 4 жилийн турш төрийн эрхийг барьсан.
  • Мандухай сэцэн: Батмөнх даян хааны хатан бөгөөд тасрах шахсан Чингис хааны шууд удмыг хамгаалж Батмөнх хаанд 7 хөвүүн төрүүлж өгч, Монголын төрийг 32 жилийн турш түшилцсэн түүхэн гавъяа нь мөнхрөн үлдсэн.
  • Ханджамц хатан: Чингис хааны Алтан ураг болох Түшээт хан аймгийн захирагч Гомбодоржийн гэргий бөгөөд Монголын түүхэнд шашин, төрийн удирдагч Анхдугаар богд Занабазарыг төрүүлсэн. Занабазар богд Түвдээс залсан шашинг “монгол буддизм” болгон хөгжүүлэх үндсийг тавьсан.
  • Ану хатан: Зүүн гарын хаант улсын хаан Галдан бошигтын төрийг залах хэрэгт Ану хатны гүйцэтгэсэн үүрэг их. Манжийн Энх-Амгалан хаантай 1696 онд Тэрэлжийн Зуун модонд тулалдаж бүслэгдэхэд Ану хатан Галдан бошигтыг бүслэлтээс гаргах гэж эрэлхэгээр тулалдан амь эрсэдсэн түүхтэй.
  • Дондогдулам хатан: Улсын эх Дондогдулам нь эрдэм чадалтай, ёслол журамтай, эрдэм номын шидтэй нэгэн байсан учир “увшинз” сахил хүртэн YIII Богд гэгээний шадар, улмаар хатан, “улсын эх” болж өргөмжлөгдсөн.
  • Гэнэнпил хатан: Богд хааны бага хатан бөгөөд хааны зарлигаар нутагтаа буцаж, өөрийн дурлалт залуу Лувсандамбатай ханилсны дараа их хэлмэгдүүлэлтийн үеэр “Богдын хатан байсан” гэх хэргээр 5 сартай хөл хүнд байхдаа цаазаар авхуулсан гашуун түүхтэй.

Монгол хатадын өргөөний хойморт “хатан сэнтий” залж хадаг тавьж хүндэтгээд хоёр талд нь буддын шашны Ногоон дарь эх ба Цагаан дарь эхийн баримал дүрийг залж өмнө нь тахилын эд зүйлийг чимэглэсэн байдаг. Төв өргөөг тойруулан 4 цагаан суварга, 9 цагаан гэрийг барьсан.

Тус Монгол хатадын өргөө нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын баруун захад байдаг бөгөөд 2010 онд нутгийн иргэдийн санаачилгаар, УИХ-ын гишүүн агсан Д.Арвины дэмжлэгтэйгээр байгуулагджээ. Ойр орчинд нь Дуурилаг нарсны хүннү булш, хамгийн бүдүүн нарс, Хүслийн мод гэх мэт үзэх зүйлс бий.

YIII Богд гэгээн Жавзундамба хутагтын хатан Цэндийн Дондогдулам, бага хатан Наваанлувсангийн Гэнэнпил нарын төрсөн нутаг Хөвчийн Жонон вангийн хошууны гол цөм нутаг нь эдүгээгийн Баян-Адарга сум юм.

Тэмдэглэсэн: Ч.Буянбадрах