Их Хайрхан уул

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт байх, эртний далайн ёроолын уул бүхий тогтоцтой, шохойн чулуун уул юм. Цавчим өндөр байц хад чулуу, шовх өндөр хад бүхий хавцлуудтай, 10-15 метр урт 108 хадан агуйтай, төрөл бүрийн модлог бутлаг ургамалтай, олон зүйлийн ан амьтантай, унаган төрхөө жинхэнээр нь хадгалсан байгалийн үзэсгэлэн бүрдсэн уул юм. Нутгийн ард иргэд энэ уулыг Манзушир бурханы орон буюу Алтан тэвш уул хэмээн хүндэтгэн нэрлэж тахин шүтсээр иржээ. Түүний 108 агуйн дотроос хамгийн том нь Эхийн, Намширын, Бага агуй гэж нэрлэгддэг агуйнууд юм. Эхийн агуй нь 137 метр урт бөгөөд агуйн аман дээр хадаг яндар бүхий том овоо босгосон байдаг. Орсны дараа 3 метр газраас агуй 2 хуваагддаг. 70 орчим метр газрыг босоогоор явж, цаашлах тусам бөхийж, мөлхөж явсаар мухарт хүрэх ба адагт сэндэр шороо бий. Энэ шороог эртнээс нааш монголчууд яр шарханд түрхэх байдлаар хэрэглэж иржээ.