Шилийн богд уул

“Дарьганга – Байгалийн цогцолборт газар”-ын бүрэлдэхүүнд багтдаг. Сүхбаатар аймгийн Дарьганга суманд зүүн урагш 70 км зайд оршдог бөгөөд д.т.д 1778 метр өндөр. Дарьгангын энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн богд уул юм. Мөн энэ нутагт 60 орчим хүн чулуу бий. Шилийн Богд уулын тогоо нь баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 2 км орчим өргөн, 300 орчим метр гүнзгий ажээ. Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг 200 орчим эртний сөнөсөн галт уулыг харж болох бөгөөд уулсын оройг зориуд засаж янзлан зүсэж авсан мэт үнэхээрийн үзэсгэлэнтэй харагдана. Энэ хавийн уулс нь Авдар, Дөш, Сэнжит, Ацаа гэхчилэн галт уулын шовгор дүрс хэлбэрээрээ нэрлэгдсэн байдаг. Их талын хамгийн өндөр уул учраас тал дээр майхан барьчихсан юм шиг шовгор харагддаг. Шилийн богдын зүүн дор Агтана хүрээт хэмээх дугуй тогоотой талын намхан галт уул бий. Шилийн богд дээрээс тод харагдана.

Уулс хоорондын хөндий талаар хүрмэн чулуун лав тогтсон тул тэдгээрийн гадарга нэлээд чулуурхаг юм. Хар хүрэн, хүрэн бараан хөрс зонхилдог. 108 зүйлийн ургамал ургадаг бөгөөд ойт хээр, хээр, говийн бүсийг төлөөлж чадах нэн ховор ургамал 30 гаруй зүйл бий. Амьтны аймгийн хувьд туурайтан мэрэгчид голлох бөгөөд цагаан зээр, тарвага, чоно үнэг элбэг үзэгдэнэ. Шилийн богд уулын ургамалжилт нь ойт хээр, хээр, говийн бүсийг төлөөлж чадах нэн ховор, ховор ургамал 30 гаруй зүйл, эмийн болон хүнсний 20 гаруй зүйл буюу монос, гандигар, хайлааст, бургас, гүйлс, буйлс, харгана зэрэг гэх мэт баялаг ургамал ургадаг.

Шилийн сайн эрчүүдийн тангараг өргөж байсан түүхт уул бөгөөд эртнээс нааш монголчууд Шилийн богдыг шүтэн биширч өглөөний ургах нарнаар гарсан эр хүний хийморь сэргэж хүлгийн шандас хөвчирдөг гэлцдэг.

Шилийн богд уулын орчмын 17200 га газрыг 2004 онд УИХ-ын 22-р тогтоолоор “байгалийн дурсгалт газар”-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан. УИХ-ын 2019 оны 5-р сарын 2-ны өдрийн 41-р тогтоолоор Шилийн богд уулыг ангилал ахиулан “Дарьганга - байгалийн цогцолборт газар”-ын бүрэлдэхүүнд оруулж баталгаажуулсан.

Сүхбаатар аймгийнхан Шилийн богд уулаа ихэд хүндэтгэн үзэж магтан дуулдаг. Тухайлбал, Хангай нутгийнханд чамлагдахаар, говь нутгийнханд гангадмаар, харин Сүхбаатар нутгийнханд хайрхан, шүтээн уул, хил манах баатар, хүүгээ дуудах ээж мэт уул юм гэдэг. Монголчууд эртнээс Шилийн богд уулыг шүтэн биширч, өглөөний ургах нарнаар орой дээр нь гарсан эр хүний хийморь сэргэж, эрмэг хүлгийн шандас сайжирдаг гэсэн аман яриа ард түмний дунд яригдаж ирсэн. Шилийн богд гоо үзэсгэлэнт эм уул бөгөөд ганган сайхан эрчүүл ирэхэд гайхалтай баярлаж баясдаг гэсэн домог бий.

Эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн Шилийн богд уулыг эрт үед “Агшуун” гэж нэрлэдэг байсан тухай номондоо өгүүлсэн байдаг бол нэрт зохиолч Ч.Лодойдамба зууны шилдэгТунгалаг тамирроманд,
Эрийн хийморь сэргээсэн Шилийн богд дуулж бай
Эр зоригоо гайхуулсан халхын сайн эрчүүд сонсож бай ... гэж яруу шүлэглэсэн байдаг.

Харин эл нутгийн эрдэмтэн зохиолч Г.Мэнд-Ооёо “Шилийн богд” номондоо “Оргил болгон орой дээрээ мэлмийтэй, дов болгон дотроо чихтэй хэмээн бичсэн байдаг. Нэгэн удаа Шилийн богдын орой руу бүх хүн авирч гарахаар явахад нэрт найрагч Б.Лхагвасүрэн ганцаараа бэлд үлдэв. “Та уулын оройд гарахгүй юм уугэсэнд тэрбээрЭнэ хайрханы бэл нь надад ахадна. Ах нь эндээс сүжиг бишрэлээ даатгаад, сүлд хийморио сэргээчихнэгэсэн гэдэг.

Шилийн богд уулан дээр гарсан хүн эхлэн мандаж буй нарнааас энерги авахаас гадна босоо цагаан хийморь буюу утаа шиг харагдах гэрлийг харах маш чухал хэмээн настан буурлууд хуучилдаг байжээ. Хүдэр чийрэг эрчүүд маань хийморь лундаагаа сэргээсний хариуд, зөвхөн шар будаа, хуурай цай, халтар арвай гэсэн нойтон бус гурван зүйлийг өргөдөг заншилтай. Өргөлийн утга учир сүр бараандаа, сонин сайхандаа бус сүжиг бишрэл, санаа сэтгэлдээ байдаг гэдэг.

Монголын дорнод хээрийн мөнхийн харуул, шилдэг эрчүүдийн шүтээн Шилийн богд уул бол олон үеийнхний түүх шастир, он цагийн домог намтар, омог бахархлын онгод хайрхан, орчин цагийн энергийн төв, өв уламжлалын өлгий, өргөн олны бишрэл, байгаль эхийн бүтээл, эх орны түүх соёл юм.

Сунайж байгаа адуу шиг аргамаг уул Шилийн богд
Сунаж яваа чоно шиг эрэмгий уул, Шилийн богд хэмээн дуулдаг энэ хайрхан дээлтэй монгол эрсийг дааж явдаг гэдэг.  Шилийн богдын оройд гараад хэлдэг тангарагийн үг одоо цаг үед
Арслантай тамганы чинь дардас хатваас цусаараа би дэвтээе
Алтан соёмбо чинь хазайваас ясаараа би тулж босгоё гэдэг болсон. Ингэж тангарагласан эр хүн эх орноо хайрлахгүй, эрчүүдийн шүтээн Шилийн богд уулаа бишрэхгүй байхын аргагүй буй заа.

Шилийн богд хайрхны хойт хөндийд М.Амгалан захиралтай Талын агуй, Б.Батхүрэл захиралтай Шилийн богд жуулчны баазууд байрладаг.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах