Чойрын богд уул

Чойрын Богд уул нь Говьсүмбэр аймгийн ард түмний бахархал болсон уул юм. Уг уул нь аймгийн зүүн урд захад, Монгол орны их боржингийн бүсийн хамгийн баруун зах нь болон оршдог. Чойр хэмээх нэрний тухайд бол, буддын гүн ухаан судлалыг “чойр” гэх бөгөөд энэ ууланд байх Чойрын хийдэд шашны өндөр боловсролтой лам нар хол ойроос зорин ирж их ном хаялцдаг байжээ. Тэгээд энэ уулыг Чойрын богд уул хэмээн хүндэтгэн нэрлэх болсон байна. Тус хайрханыг орон нутгийн тусгай хамгаалалтанд 1997 онд авч, УИХ-ын 2011 оны 1-р сарын 20-ны өдрийн 4-р тогтоолоор байгаль орчны тэнцвэрийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор "байгалийн нөөц газар"-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан.

Энэ хайрхан нь өвөрмөц тогтоцтой хад чулуу элбэгтэй, хойд талаар нь хүн, амьтан ундаалах байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд аргаль янгир, чоно, үнэг, туулай, цармын бүргэд, идлэг шонхор зэрэг ховор амьтан жигүүртэн шувууд, ховор ургамал элбэгтэй. Эдүгээ тус ууланд 200 гаруй аргаль хонь нутагшиж байна. Чойрын Богд уулын ойр орчимд түүх соёлын дурсгалт газрууд, зураг дүрслэлүүд бий. Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, түүний дэргэд Цагаан дарь эх бурхан, Хүслийн хад, Хүүхдийн овоо, Илдний зурагтай хад, эртний хятадын төмөр утасны хорооны туурь, Дугар Мээрэнгийн хөшөө гэх мэт газруудтай.

Чойрын богд уулын тухай янз бүрээр домоглон ярьдаг бөгөөд эзэн Чингис хаан урагш хийж буй аян дайны үедээ энэ уул хавиар нутаглан түр амарч саатаад аян замаа цааш үргэлжлүүлдэг байсан гэх. Нэгэн хадан дээр байх тэмээний мөрийг Чингис хааны унаж явсан тэмээний мөр хэмээн ярина. Мөн өөр нэг хаданд байх жижиг нүхээр бүхэл бүтэн уурга яваад орчихдог байна. Тэр уургыг доош явуулах тусам хангинаж жингэнэн дуугардаг ажээ. Түүнийг “Чингис хааны цоож” хэмээн нэрлэн ярилцдаг байна. Нутгийн иргэд энэ уулнаа аялсан гадна дотны хэн бүхэнд ач ивээлээ өгдөг сайхан нутаг хэмээн итгэж ирсэн бөгөөд зочин гийчиндээ газарчилж өгөх дуртай аж. Чойрын богд ууланд гарахад ойр орчмын газрууд цэлийн харагдах нь гайхалтай сэтгэгдэл төрүүлнэ.

Цагаан дарь эхийн хөрөг: Зүүн Чойрын хийдийн Цогчин дуган байсан газраас холгүй орших арын уулын хаданд Цагаан дарь эх бурханы хөрөг бий. 1820 оны үед барзгар боржин чулуун хадны элгэн биенд цаанаасаа урган гарсан мэт товойлгон дүрсэлж бүтээжээ. Хөрөгийн өндөр нь 240 см бөгөөд Чойрын дацангийн гол хаалга чиглүүлэн нэгэн бурханч ламаар бүтээлгэжээ. Бурханы хөрөг байгаа хадны ар талын хадан хананы дунд нэгэн нүх байдаг бөгөөд түүнийг “хүслийн хад” хэмээн нэрлэнэ. Тэрхүү нүхэнд толгойгоо шургуулан зөвхөн ганц хүсэл хэлж шивнэдэг байна.

Цагаан дарь эхийг шүтвэл элдэв аюулт зовлон, өвчин зэтгэрийг арилгаж, аз жаргал, нас буян арвиждаг хэмээн үздэг. Тус бурханд мөргөхдөө зүүн өвдөг тушаа нь сөгдөж мөргөөд “Ум дари дүд дари дүри ма ма аюур буниа зина бусдэм гүрү сууха” хэмээх зүрхэн тарнийг 3-21 удаа уншиж арц хүж, идээ тахил тавьж, Дарь эхийг бүтэн тойрч мөргөдөг байна. Түүний дараа “Арын Цагаан дарь эх, эзэн сүлд Оцол гурван сансар Сүмбэр уул усны эзэн Дагвасүндэл, Цамбагарав минь” хэмээн юу санасан есөн хүслээ хэлж залбираад намайг болон бид бүгдийг дээрээс минь тэтгэж, урдаас минь угтаж, араас минь дагаж, санасан санаа үйл хэргийг минь идээ мэт арвин, сүү мэт цагаанаар ширхэгчлэн бүтээж хайрла” хэмээн айраг, тараг, сүүгээ уулын зүгтээ өргөдөг байна. Харин Цагаан дарь эхийг тойруулан чулуун овоо босгох, сүү саалийнхаа дээжийг ариун бие рүү нь цацаж өргөх, тос нялж мөргөхийг цээрлэдэг байна.

Дагвасүндэл бурхан: Зүүн Чойрын хийдийн туурийн арын уулын хаданд эрчүүдийн шүтээн, цог хийморийн бэлгэдэл Дагвасүндэл бурханыг бүтээхдээ Цагаан дарь эхийн хөрөгний эгц өмнөөс харуулан бүтээжээ. Дагвасүндэл гэдэг нь нийлмэл бурхан бөгөөд Боржигон Сэцэн вангийн хошууны ноён Цэвдэнгийн үеэс шүтэж ирсэн шүтээн юм. Уг бурханы нэр нь “Даа чаг сүн сон” бөгөөд энэ нь “Дамдин, Чагдор, Чунт” гэсэн бурхадын нийлбэр гэсэн үг аж. Өөрөөр хэлбэл, Очирваань бурханы тэргүүн дээр Хаянхярваа бурханы титэм болох морины дүрс байх бөгөөд түүний дээр Чунт бурханы бэлгэдэл хангарьд шувуу байрладаг байна. Дагвасүндэл бурхан “Ум базар ваани хаянхярваа гаруна хум пад” хэмээх тарнитай бөгөөд тарнийг бурханы дүрийн доод хэсэгт сийлжээ. Дагвасүндэл бурханыг 220 х 165 см хэмжээтэйгээр урласан байдаг. Дүрэлзсэн галын эрчилсэн шуурган дунд догшин сүрт дүрээр залардаг бөгөөд аймшигт догшин харц нь чөтгөр шулмыг үлдэн хөөх сайн цагийг бэлгэдсэн байдаг. Нутгийн ардууд энэ бурханд сүсэглэн мөргөсөн эр хүний айл гэрийн ноён нуруу тэгширч, цог хийморь дүүрэн сайхан амьдарна хэмээн ярилцдаг. Ийнхүү Дагвасүндэл бурхан, Цагаан дарь эх хоёр Чойр уулын хадан хананд барилдлага болон мөнхөрчээ.

Хүүхдийн овоо: Чойрын богд ууланд байх овоо бөгөөд урд нь Цагаан овоо хэмээн нэрлэгдэж байжээ. Ийнхүү нэрлэдэг байсны учир нь Чойрын богд уулын орчинд байх хад чулуун дунд зөвхөн энэ чулуу цагаан өнгөтэй ажээ. Одоо бол Хүүхдийн овоо хэмээн нэрлэх бөгөөд энэ овоонд очсон хүүхэдгүй гэр бүлүүд сүслэн мөргөж нэг овоо босговол үр хүүхэд заяана хэмээн ярилцдаг. Тийм учраас эргэн тойронд нь олон жижиг овоо байдаг байна. Мөн эцэг эхчүүд үр хүүхдээ дагуулан очиж энэхүү Цагаан овоонд мөргүүлэн тойруулж хүүхдийнхээ аз жаргалтай амьдрал, буян заяаг нь даатгадаг ажээ. Ийнхүү эрчүүдийн шүтээн цог хийморийн бэлгэдэл Дагвасүндэл бурхан, урт наслуулах ерөөлт бурхан Цагаан дарь эх, хүүхдэд ээлтэй Цагаан овоо гурав нь Чойрын богд уулнаа аливаа гэр бүл батжихын бэлгэдэл болон оршиж байдаг байна.

Эх сурвалж: Монгол орны лавлах