Хэрлэн барс хотын туурь

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт Баруун дөрөө нуурын зүүн урд орших эртний хотын үлдэгдэл туурь. Х зууны үед Монголын газар нутаг дээр ноёрхлоо тогтоож байсан Кидан улсын үед баригдсан. Киданчуудыг Монголчуудтай гарал нэг, хэл нэгтэй ард түмэн байсан гэдгийг Хятадын болон гадаадын эрдэмтэн судлаачид нотолдог. Киданчууд нь Төв Азид төр улсаа байгуулсан тухайн үедээ байгалийн шинжлэх ухаан, техникийг ихээр хөгжүүлсний дотор ган хайлуулж боловсруулах талаар тухайн үедээ тэргүүлж байсан гэж үздэг. Түүний нэг жишээ нь бол Хэрлэн барс хот юм. Анх 1953 онд албан ёсоор судалсан бөгөөд Барс хотын их хэрмийн хэмжээ нь 1600-1800 метр, зузаан нь 4 метр, өндөр нь 1.5-2 метр байжээ.

Хэрмийн дотор болон зүүн талд тав ба долоон давхар суваргатай байв. Хэрмийн дотор байх 4 барилга, бага хэрмийн орчимд байх жижгэвтэр барилгын суурь, шохой шатааж байсан зуухны ор зэргийг малтан шинжилж үзэхэд олон тооны том бурхны сэнтий, дээврийн хөх тоосгон ваар, том жижиг хэмжээний угалзтай угалзгүй тоосго, шавар баримал, ур хийц сайтай бурханы үлдэгдэл, бурханы баримал чимэглэлийн хэсэг, мал адгуусны дүрс, цац, сийлбэртэй моднууд, яс төмөрлөг эд зүйлүүд илрүүлжээ. Эдгээр олдвороос үүдэн тэрхүү жижгэвтэр барилга нь бурхан шүтээний газар байсныг тогтоосон. Дээр өгүүлсэн суваргууд нь Энэтхэг хийцээр баригдаж дотор ханандаа бурханы том хөргүүдтэй байжээ.

Хэдийгээр Хэрлэн барс хотын эргэн тойрны малтлага судалгаагаар бурхан шашны холбогдолтой зүйлсийг ихэвчлэн олж илрүүлсэн боловч эрдэмтэн судлаачид энэхүү хотыг цэргийн цайз хуаран байсан хэмээн үзсээр иржээ. Киданчууд баруун хойд хэсгийн аймаг угсаатны бослого хөдөлгөөнийг дарангуйлж Хэрлэн голын савд гол төлөв нүүдэлчдээс бүрдсэн олон цэргийн анги суулгаж байсан хэмээн түүхийн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг учраас юм.

Хэрлэн барс хотын домог: Олон зуун жилийн тэртээ Манж гүрний их хаан Монгол нутагт өөрийн нэг хүүг суурьшуулан суулгах гэж одоогийн Дорнод аймгийн нутаг Хэрлэн голын хөвөөнд хот сууринг бариулж эхэлсэн юм гэнэ. Тэр байдлыг мэдсэн нутгийн олон нууцаар цуглаж, манай энэ сайхан нутаг харийн гүрний эзэмшил болох нь, одоо яах вэ гэж хэлэлцсэний эцэст нэгэн ухаант хүн нарийн арга хэрэглэе, хошууны ноёдод дуулгая гэж хэлжээ. Ингээд хиймэл бар хийж хуурамчаар хүрхрүүлж, их дуу чимээ гаргах болжээ. Манж хаан заларч ирэх үеэр Хэрлэн голын бургасанд нөгөө хуурамч бараа дуугаргаж олон адуу хурааж, бургас мод хугалж, олон амьтан явж, ноцолдож байгаа их дуу чимээ гаргаж, нойтон газар мөр гаргах зэргээр олон шөнө дараалан их ажил хийжээ. Манж хаан үүнийг сонсоод, энэ нутаг хэдийгээр үзэсгэлэн төгс сайхан нутаг боловч бар, ирвэс араатан ихтэй нутаг юм байна. Ийм нутагт хот суурин барьж байгуулж болохгүй. Хурдан энэ ажлыг зогсоож яаралтай буцах хэрэгтэй гэж хүүдээ зарлиг буулгасан юм байх. Тэнд баригдаж байсан хашаа, хэрэм, цамхагуудыг дутуу орхиж зугтан зайлсан тул уг туурийг нутгийн олон хошигнож бас хүндэтгэн “Хэрлэнгийн барс” гэж нэрлэсэн бөгөөд он жилийн уртад нэр нь бага зэрэг өөрчлөгдөж, “Хэрлэн барс” гэж нэрлэгдэх болсон юм гэж нутгийн хууччуул хүүрнэдэг юм билээ. Жич, энэ цамхагийг эргэн тойрон алс холын юм харах зорилготой харуулын байр байсан болов уу гэж эрдэмтэд таамагладаг.

Эх сурвалж: Монгол орны лавлах