Хэнтий аймгийн АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ

Монголиан гайд тур ХХК нь “Хэнтий аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах” ажлыг 2018 оны 9 сарын 10-наас 12 сарын 20-ны хооронд 3 сарын хугацаанд амжилттай гүйцэтгэж дууслаа. Тус аймгийн 19 сумдыг тойрч судалгааны ажил зохион байгуулж Засаг дарга нар, байгаль хамгаалагч нар, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, Чингис хааны түүхэнд холбогдох томоохон цогцолборуудыг байгуулах ажлын хэсгүүдийн төлөөлөгч нартай хамтран нийт 60 гаруй уулзалтыг зохион байгуулсан байна.

Аймаг, сумын удирдлагуудад явцын “хэлэлцүүлэг”, аймгийн бизнес эрхлэгчдэд “зөвлөмж” лекц, ЗДТГ-ын хэлтсийн дарга нарт “санал асуулга” зохион байгуулж, анх удаагаа тус аймгийн аялал жуулчлалаас олж буй орлогыг тодорхойлж, сум бүрийн онцлогт тохирсон аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг санал болголоо.

Судалгааны 26 инфо график хийлгэж, нийт 12 маршрутыг боловсруулан гаргаж, 2019 - 2023 он хүртэл Хэнтий аймагт хүлээж авах дотоод, гадаад жуулчдын тоо болон тэднээс олох боломжтой орлогын урьдчилсан судалгааг гаргаж тус аймгийн аялал жуулчлалын эрхэм зорилго ба зорилтуудыг дэвшүүлж, тэдгээрийн хүрээнд 40 гаруй ажлын төлөвлөгөөг боловсрууллаа.

Зүүн бүсийн аялал жуулчлалд зөвхөн Хэнтий бус Дорнод, Сүхбаатар аймгууд ч хамрагдана. Энэ 3 аймгийн аялал жуулчлалын бодлого нэгдмэл зорилготой байж амжилтанд хүрэх бөгөөд дотоодын аялал жуулчлалыг сайн хөгжүүлж байж гадаад жуулчинг хэдэн зуугаар нь хүлээн авах хөрс суурь тавигдах юм. Хэнтий аймаг нь аялал жуулчлалыг амжилттай  хөгжүүлэх боломжтой бөгөөд ялангуяа ой хөвч, уул усаар баялаг байгаль, Чингис хаан ба түүний өв залгамжлагчдын том түүх, ан амьтан, ургамал цэцэг гэх мэт биологийн нөөцтэй аймаг билээ.

Буцах

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Жуулчны гудамж
Пийрл тауэр, 6-р давхар, 601 тоот

Утас: 70101011
И-мэйл: info@mongolianguideschool.com