Нэгэн ЗҮГТ харах бодлого

Монголиан гайд тур ХХК нь Дорнод аймгийн БОАЖГ, “Дорнод – Аялал жуулчлалын нэгдэл”-ийн үйл ажиллагааны төлөвлөлтийн хүрээнд “аялал жуулчлалын менежментийн судалгаа” хийх зорилгоор 15 хоног, 5000 орчим км газар аялж судалгаа хийсэн юм. Дорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалын жил” болгон зарлаж багагүй ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Хамгийн гол нь төр ба хувийн хэвшил, ард иргэд нь аялал жуулчлалаа хөгжүүлэх бодлогод “нэгэн зүгт харах”, “нэг арга барилаар хөгжүүлэх” гэдэг зорилт тавьсан нь хамгийн том давуу тал болсон юм. Судалгааны үр дүнд, 

  1. Дорнод аймгийн аялал жуулчлалын нөөц бүтээгдэхүүн, үйлчилгээг тодотгов.
  2. Гадаад жуулчдын аялах чиглэл, дотоод аялагчдын маршрутыг тодорхойлж, орон нутгийнхны аялдаг газруудыг эргэлтэнд оруулах боломжийг судаллаа.
  3. Дорнод аймагт отоглож буух цэг, жуулчны бааз байгуулах газруудыг тогтоов.
  4. Онцгой бүсүүдийг тодорхойлж, хамгаалах ба хөгжүүлэх менежментийн саналуудыг  боловсрууллаа.
  5. Замын тэмдэг тэмдэглээ, мэдээллийн самбар байршуулах цэгүүдийг тогтоосон.

Дорнод - Аялал жуулчлалын нэгдэл нь жил бүрийн хавар, намрын улиралд “Зуны болон өвлийн аялал жуулчлалын нээлт, хаалтын үйл ажиллагаа”-г зохион байгуулдаг бөгөөд уг үйл ажиллагаанд оролцсон ААН, байгууллага, иргэдийн дунд ажил хэрэгч яриа өрнөж тухайн улирлын хугацаанд хамтран ажиллах гэрээ, хэлцлээ байгуулдаг уламжлал тогтсон билээ.

Саяхан Дорнод аймгийн “Аялал жуулчлалыг дэмжих жил – 2019” Зуны аялал жуулчлалын нээлт, Өвлийн аялал жуулчлалын хаалтын үйл ажиллагаа 2019 оны 3-р сарын 14-15-ны өдрүүдэд Чойбалсан хотноо зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагааны үeэр аймгийн 14 сумын Засаг дарга, сум тус бүрийн аялал жуулчлал хариуцсан ажилтнууд төдийгүй төр, хувийн хэвшлийн байгууллагынханд зориулсан 2 өдрийн сургалт болсон юм. Сургалтыг Дорнод - Аялал жуулчлалын нэгдэл-ийн зөвлөхөөр 3 дахь жилдээ ажиллаж байгаа Монголиан гайд тур ХХК-ийн захирал Ч.Буянбадрах амжилттай удирдан явууллаа. 

Мөн нээлтэд зориулсан үйл ажиллагааны төгсгөлд Дорнод - Аялал жуулчлалын нэгдэл,  БОАЖГ, Дорнод аймгийн 14 сумын Засаг дарга нар ойлголтоо нэгтгэн, нэг арга барилаар нягт хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ-т гарын үсэг зурсан юм. 

Буцах

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Жуулчны гудамж
Пийрл тауэр, 6-р давхар, 601 тоот

Утас: 70101011
И-мэйл: info@mongolianguideschool.com